Талийгаач З-ийн аав: Уурхайн нүхэнд унасан найзыгаа аврах гэж ороод хүү минь амиа алдчихлаа
Ашигладаггүй уурхайн нүхэнд хоёр хүн унаж, амиа алджээ. Тодруулбал, Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хуучин уурхайн нүх цөмөрч, 16, 19 настай хоёр эрэгтэй хүүхэд унаж, нас барсан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Уурхайн нүхэнд хоёр хүн ороод амьсгалж чадахгүй байна” гэх дуудлага долдугаар сарын 13-ны 19:43 цагт иржээ. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид гурван км замыг туулан 19:50 цагт очиж, 50 минут ажиллаж, 30 метрийн гүнээс цогцсыг гарган авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
НЭГНИЙГЭЭ АВРАХ ГЭЖ БАЙГААД ХОЁУЛАА АМИА АЛДЖЭЭ
Талийгаачид хоёр найзтайгаа хамт, дөрвүүлээ явж байжээ. Тэд Налайх дүүргийн гурав, дөрөв, наймдугаар хороонд оршин суудаг байсан аж. Талийгаач 16 настай П нь ахлах сургуулиа дөнгөж төгссөн байжээ. Харин талийгаач 19 настай, З нь ажилд ороод удаагүй байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр тэд ажлаа тараад, гэр рүүгээ харьж явсан аж.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хуучин төмөр замын хажуу талаар алхаж явсан юм билээ, тэд. Тэгээд бороо их орсны улмаас уурхайн нүх цөмөрч, 16 настай хүүхэд унасан гэсэн. Гарч ирэхгүй болохоор нь 19 настай залуу нь араас нь орсон гэсэн. Тэгээд л хоёулаа гарч ирээгүй. Хамт явсан хоёр хүүхэд нь онцгой руу дуудлага өгч, аврагчид 10 хүрэхгүй минутын дотор ирсэн ч хожимдсон байсан гэсэн. Аврагчид хүүхдүүдийн цогцсыг 30 метрийн гүнээс гаргаж авсан байна лээ. Агааргүйн улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан гэсэн” гэв.
БОРОО ОРСНЫ УЛМААС ХӨРС ЗӨӨЛӨРЧ, УУРХАЙН НҮХ ЦӨМӨРЧЭЭ
Мөн өөр нэг эх сурвалжийн хэлснээр “Талийгаачид эхний хэдэн минутад амьсгаатай байсан гэсэн. Хамт явсан хүүхдүүд чимээ сонсогдож байгаад, сураггүй болсон юм билээ. Тэгээд найзууд нь аврах бригад дуудаж, хүүхдүүдийг гаргасан ч амьсгал хураасан байсан. Нүхэн дотроо л нас барчихсан байсан учраас эмч очоод ч нэмэр байгаагүй. Найзыгаа аврах гэж байгаад л хоёр хүүхэд амьгүй болчихлоо. Манай энэ хавьд уурхайн нүх цөмөрч, хүн, мал унах тохиолдол бий. Хэдийгээр нөхөн сэргээлт хийсэн ч хөрс нь зөөлөн учраас цөмөрдөг” гэлээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР: УУРХАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ, ХАШААЛЖ, МОД ТАРЬСАН
Налайх дүүргийн гурав, дөрөвдүгээр хороон дахь эдэлбэр газар, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 2017 оноос эхэлжээ. Нөхөн сэргээлтийн ажлыг тус дүүргийн ЗДТГ аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулсан аж.
Бид тухайн газар нутагт амьдарч байгаа хүн, малыг аюул эрсдэлээс хамгаалдаг талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараас тодруулсан юм. Тэрбээр “Хоёр хүүхэд уурхайн нүхэнд унаад, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хайран сайхан хүүхдүүд амиа алдаж, ар гэрийнхэнд нь хүнд байна. Бид ажлаа аваад анхны захирамжийг уурхайг цэгцлэх асуудлаар гаргасан. Энэ газарт нэг биш удаа хүний амь эрсдэх, суурьшлын бүсэд газрын хагарал үүсэх, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртэх зэрэг асуудал байсныг боломжийнхоо хэрээр шийдэж, нөхөн сэргээлтийн ажлыг 47 га талбайд хийсэн. Хэдийгээр бид нөхөн сэргээлтийн ажлыг чадлынхаа хэрээр хийсэн ч уурхай байсан газрын доод хэсэг аалзны тор шиг байна. Ухсан нүх, овоолсон шороог янзалж, ногоон байгууламж болгож байгаа. Мөн хашаалж, мод тарих ажлыг эхлүүлсэн. Бороо усны улмаас газар цөмөрч, хүн, мал эрсдэлд орж байна. Уурхайн хэсэг суурьшлын бүсэд ойрхон учраас иргэд, хүүхдүүдэд эрсдэлтэй. Талийгаач хүүхдүүд нэгнийгээ аврах гэж орсон юм билээ. Тэгээд л хоёулаа амиа алдчихсан гэсэн мэдээлэл ирсэн. Мөн урьдчилсан байдлаар уурхайн нүхнээс ямар нэгэн байдлаар хорт бодис ялгараагүй, агаарын дутагдалд орсон гэсэн” гэв.
ТАЛИЙГААЧ ӨМНӨ НЬ УУРХАЙ РУУ ОЧИЖ БАЙГААГҮЙ ГЭВ
Бид талийгаач З-ийн аавтай холбогдож, үнэн бодит мэдээллийг авах гэсэн боловч тэрбээр нөхцөл байдал хүнд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан юм.
Тэрбээр “Талийгаач хүү минь миний том. Аав, ээж, өвөө, эмээ, дүү нартайгаа хамт амьдардаг байсан. Хүү минь ажилд ороод удаагүй байсан бөгөөд уурхай, уурхайн нүх гэж юу байдгийг ч мэдэхгүй. Өмнө нь тийшээ явж үзэж байгаагүй. Найз нь нүх рүү орж ирээд, гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон юм шиг байна лээ. Найзыгаа аврах гэж нүх рүү ороод амиа алдчихлаа. Бидэнд маш хэцүү байна. Яагаад уурхайн бүс рүү явсныг нь үнэхээр ойлгохгүй, мэдэхгүй байгаа. Нүх нь цөмөрчихсөн л гэж сонссон. Гэхдээ чухам юу болсныг хэлж мэдэхгүй байна. Хүүгээ дөнгөж хөдөөлүүлээд, ажил явдал нь өнгөрч байгаа учраас мэдээлэл өгч чадахгүй байна” гэв.
Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны болон бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, учирч болох аюул, ослоос авран хамгаалахыг анхааруулж байна.
https://ergelt.mn/news/59/single/23363