Дараагийн иргэд ипотекийн зээл авах эсэх нь ХЭНД Ч ХАМААГҮЙ ЮУ!

316


Цар тахлын жилүүдэд Засгийн газраас иргэдийнхээ орлогыг хамгаалах хэд хэдэн арга хэмжээ авч, хууль хүртэл батлуулсан нь өдгөө ч үйлчилж байна. Энэ хуулиар иргэдийн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан нь эдийн засгийн хүндхэн жилүүдэд ихээхэн дэм болсон. Зарим сүйхээтэй иргэд зээлийнхээ эргэн төлөлтийн мөнгөө эргэлтэд оруулж, үл хөдлөх хөрөнгөтэй ч болсон гэх. Нэг ёсондоо, зээлийн хөнгөлөлт үүргээ гүйцэтгэсэн. Харин зарим нэг бодлогогүй “попрогчид”-оос болж 2013 оноос хойш амжилттай хэрэгжсэн төсөл ганхаж, банк цаашлаад барилгын салбар зогсонги байдалд орж, байрандаа орохоор хүлээж буй дараагийн зээлдэгчдийн боломж салхинд хийсэх вий гэсэн болгоомжлол нийгэмд бий болж эхэллээ.

Хоёр жил хойшилсон зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах санал гаргасныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэв.
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр бол цар тахлын онцгой үед иргэдийн санхүүгийн эрсдэлийг хамгаалсан дэмжлэг болохоос халамж биш. Ипотекийн зээл авсан иргэдийн сар бүр хийсэн эргэн төлөлтийг  МИК болон Монголбанк арилжааны банкуудад хуваарилж, арилжааны банкууд үүн дээр өөрийн эх үүсвэрээ нэмэрлэн бага хүүтэй Ипотекийн зээл болгон олгодог. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэхүү тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдсанаас өдгөө банкууд ипотекийн хүсэлтдээ дарагдаад байгаа нь нууц биш. Байрны үнэ өдөр өдрөөр өсөж буй энэ үед арай хийж 30 хувиа бүрдүүлсэн иргэд нэг өдрийн өмнө ч болтугай зээлэндээ хамрагдахыг нүдээ чилтэл харж буй. Харамсалтай нь улстөрчид иргэдэдээ таалагдахын тулд ээлжээ хүлээж буй дараагийн зээлдэгчдэдээ “дунд хуруу” өгөх нь. Энэ хэрээр банкны үйл ажиллагаа саарч, барилгын борлуулалт буурч, цаашлаад энэ салбарт ажиллаж буй мянга мянган иргэд “хоолноосоо” салж мэдэхээр байна.

 Хэдэн жилийн өмнө банкны салбар эвгүйтэж байсныг санаж буй бизээ. Энэ хямралын эх нь барилгын салбарын уналт байсныг эдийн засагчид онцолдог.  Учир нь банкны салбарын нийт зээлийн 4/1 хувийг орон сууцны зээл эзэлдэг. Тэр дундаа ипотекийн зээл нь 99 хувийн найдвартай, хамгийн эрсдэлгүй зээлд тооцогддог. Хэрэв эргэн төлөлт хэвийн үргэлжилбэл банкны системийн 25 хувь нь найдвартай гарт эргээд орно. Харин дахин хойшлуулбал тэрхүү хямрал ч дахин үүсэхийг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ипотекий зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр “бай”-гаа оносон уу гэвэл зарим нэг тоо баримт өөрийг хэлж байх юм.  Ипотекийн зээлтэй 100 мянга гаруй иргэний 80 хувь нь сар тутмын эргэн төлөлтөө хойшлуулжээ. Гэхдээ хөнгөлөлтөд хамрагдсан зээлдэгчдийн бараг 90 хувь нь цалингийн орлоготой, 10 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд байна. Өнгөрсөн хугацаанд цалингийн орлоготой иргэдийн орлого нь тасалдаагүй. Зарим нэг хувийн байгууллагыг эс тооцвол ихэнх нь цалингаа хэвийн өгсөн, тэр ч бүү хэл үнийн өсөлт, инфляцтай уялдуулаад топ 100 ААН-үүд болон төрийн байгууллагууд цалингаа 10-30 хүртэл хувиар нэмсэн. Ипотекийн зээл бол эдийн засгийн цусны эргэлтэд чухал нөлөөтэй зээл. Гэвч энэ зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тусам энэ мэтээр салбар нь дампуурах эрсдэлд орж, иргэд ч хохирч мэдэхээр байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn