ОУВС-гийн тэргүүн: Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно

327


Энэ онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж Олон улсын валютын сангийн/ОУВС/тэргүүн Кристалина Георгиева сэрэмжлүүллээ. Түүний хэлснээр, АНУ, Европын Холбоо, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа тул 2023 он өнгөрсөн оныхоос “хүндхэн” байх төлөвтэй байна. Украины дайн үргэлжилж байгаагаас гадна үнийн өсөлт газар авч, бодлогын хүү өндөр түвшинд хүрсэнтэй зэрэгцэн Хятадад коронавирусний халдвар тархаж байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болоод байгаа юм.

К.Георгиева “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж бид таамаглаж байна. Цаашлаад эдийн засаг нь уналтад ороогүй орнуудад ч олон зуун сая хүнд уналтад орсноос өөрцгүй санагдах бололтой байна” хэмээн хэлжээ. Өнгөрсөн 10 дугаар сард ОУВС Украины дайн, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт зэргийг харгалзан 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж буйгаа мэдэгдсэн юм. Түүнээс хойш Хятадад “COVID-19”-тэй тэмцэх бодлогыг цуцалж, халдвар хурдацтай тархаж байсан ч эдийн засгаа үе шаттай нээж эхэлжээ.

ОУВС-гийн тэргүүний хэлснээр, дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2023 онд хүндхэн эхлэлтэй нүүр тулах төлөвтэй байна. “Ирэх хэдэн сар Хятадын хувьд хүнд байх төлөвтэй байна. Энэ нь Хятадын эдийн засагт төдийгүй бүс нутагт, цаашлаад дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэж тэрбээр ярилаа. ОУВС нь 190 гишүүн оронтой олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эдийн засгийг тогтворжуулах чиглэлд хүчин чармайлт гаргадаг. Тус байгууллагын гол үүргүүдийн нэг нь хямралаас урьдчилан сэргийлэх явдал юм. К.Георгиевагийн хэлсэн үг 2022 онд хүнд хэцүү жилийг ардаа үдсэн Ази гэлтгүй дэлхий дахинд сэрэмжлүүлэг болж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn