Кувейтүүд бидэнд ГОМДОХ БАЙХ даа буюу судалгааны төв БИЗНЕС болон хувирсан нь

259

“Монгол-Кувейтийн судалгааны төв”-ийн цогцолбор барилгын шавыг 2008 онд тавьж 2015 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тодруулбал, Кувейтийн Засгийн газраас 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Дархан Цаазат Богд-Хан ууланд барьж манай улсад хүлээлгэн өгсөн билээ.
Олон улсын эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн нэн ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь тус судалгааны төвийн ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ.
Энэхүү Монгол-Кувейтийн байгаль хамгаалах ТӨҮГ-ын захирлаар Х.Ерхулан 2021 онд томилогдсон юм
БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Гэтэл байгаль орчны судалгаа хийх зорилготой төрийн өмчит үйлдвэр газрын уг цогцолборт өнөөдөр “English camp” нэртэй англи хэлний вакумжсан сургалттай зуслан үйл ажиллагаа явуулдаг.
Тус зуслан энэ жилийнхээ эхний ээлжийг тавдугаар сарын дундаас эхэлсэн бөгөөд нэг ээлжинд нь 150-200 орчим хүүхэд хамрагддаг. Тэгвэл “English camp”-д долоо хоног байрлах, хоол ундны зардал, сургалтад хамрагдах төлбөр зуны улиралд 385 мянга, өвөл 415 мянган төгрөг байдаг ажээ. Энэ нь зөвхөн нэг хүүхдийн зардал юм.
Ингээд бодвол, судалгаа шинжилгээ явуулах ёстой "Монгол Кувейтийн судалгааны төв" нэг долоо хоногт л 60 орчим сая төгрөгийн орлоготой ажилладаг байхаар байна. Зуны турш нийт 12 долоо хоногийн хугацаанд 720 гаруй сая төгрөгийн орлоготой ажилладаг байж болзошгүй.
Хамгийн сонирхолтой нь, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллуулдаг энэ зусланд илгээх мөнгө ХУВЬ ДАНС руу шилждэг болохыг дараах зургаас харж болно. Учир нь “English camp” зусланд хүүхдээ амраасан эцэг эхээс бид дараах мэдээллийг авсан юм.
Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын дундуур хоёр хүүхдээ уг зусланд 7 хоногоор явуулжээ. Ингэхдээ төлбөрийг нь “Түвшинбаяр Баяраа” гэх нэртэй хувь хүний данс руу шилжүүлсэн байна.
"МАНАЙХ "ENGLISH CAMP"-Д БАЙШИНГАА ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ"
Бид энэ асуудалтай холбоотойгоор “Монгол-Кувейтын судалгааны төв”-тэй холбогдож, тайлбар мэдээлэл авсан юм. Ингэхэд, "English camp" манайхтай хамтран гэрээ хийж ажиллаж байгаа. "Монгол-Кувейтын судалгааны төв” зөвхөн орон байрны асуудлыг нь шийдэж өгч түрээслүүлж байгаа. Энэ асуудал манайхтай хамаагүй" гэсэн хариултыг өгсөн юм.
Тэгээд энэ зуслан зөвхөн зун төдийгүй, сурагчдын өвлийн амралтаар ч ажилладаг. Ингээд бодохоор өнөөх байгаль хамгаалах, судалгаа хийх, эко аялал жуулчлал хөгжүүлэх төвийн зорилгоо яг хэдийдээ биелүүлдэг нь тун сонирхолтой.
“МОНГОЛ-КУВЕЙТИЙН СУДАЛГААНЫ ТӨВ" ГЭЖ ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ
Байгууллагын танилцуулгыг дараах байдлаар хийжээ.
2008 онд Кувейт Улсын засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотоос 33км-ийн зайд орших Богдхан уулын Түргэний ам гэх газарт эзэмшлийн зориулалттай 136 га, барилга байгууламжийн зориулалттай 3.5 га газарт анхны бүтээн байгуулалтын шавыг тавьж 2015 оны аравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Монгол Кувейтын судалгааны ТББ нэрээр байгуулагдан, удалгүй Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжин Төрий өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд удирдлага доор өөрт олгогдсон эд хөрөнгийг үндэслэн өөрийгөө санхүүжүүлэх байгууллага болсон.
Тус төв нь одоогоор:
  • Сургалт, судалгаа, хурлын үйл ажиллагаа зохион байгуулагдахад зориулагдсан 100 хүний суудалтай хурлын заал
  • 40 хүний суудалтай иж бүрэн тоноглогдсон хурлын танхим
  • 40 хүний суудалтай сургалтын танхим
  • Хөрсний чиглэлээр судалгаа хийх боломжтой лаборатори
  • Нэн ховор ургамал тариалах, суулгах, турших боломжтой хүлэмж
  • 28 хүний ор бүхий зочид буудал
  • Гадаад болон дотоодын зочдод түрээслэх боломжтой 8 хаус
  • Гадна Хүүхдийн тоглоомын талбай
  • Спорт тохижилтын талбай зэрэг материаллаг хүчин чадалтайгаар
Байгаль орчин аялал зуучлалын салбарт судалгаа, шинжилгээ хийн, сургалт суртачилгааг боловсруулан, эко аялал жуулчлалыг хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

https://mpress.mn/p/10145
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn