Уур амьсгалын өөрчлөлт энэ зууны төгсгөлд 3.2 болж өснө

0
Дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт тасралтгүй үргэлжлэх их хэмжээний аадар бороо орж байгаа бол нөгөө хэсэгт нь түүхэн дэх хамгийн халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой юм. Дэлхийн температур жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд эрдэмтэд үүнийг хүн амын нягтаршил, аж үйлдвэржилтээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа юм. Дэлхий бий болсон цагаас түүхэн цаг хугацааны явцад цаг агаар бага багаар өөрчлөгдөж байсан ч өнгөрсөн зуунаас энэхүү үйл явц илүү  хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой ажээ.

Агаар мандал дахь их хэмжээний хүлэмжийн хий нь дэлхийг хөнжил мэт хучиж, уур амьсгалын олон асуудал үүсэх шалтгаан болж байна. Эрчим хүч, аж үйлдвэр, зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуй, газар ашиглалт зэрэг нь хүлэмжийн хийг үүсгэдэг гол салбаруудын нэг юм. Нүүрс, шатахуун, байгалийн хийн шаталт нь нүүрстөрөгчийн давхар ислийг ихээр ялгаруулж улмаар агаар мандалд хүлэмжийн хий үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Мөн хүлэмжийн хийг бүрдүүлэгч нэгэн төрлийн хий нь метан юм. Хөдөө аж ахуй, газрын тос, байгалийн хийн үйл ажиллагаа нь метан хийн ялгаралтын гол эх үүсвэр болж байна. Хуурай газрын хэмжээнд ойгүйдэл бий болж ой моддыг ихээр устгасны улмаас уг хүлэмжийн хий дэгдэлтийг хязгаарлах боломж хомс болжээ.
 
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого
 
Уур амьсгалын эрс тэс байдал нь сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирлыг учруулсан байна. Харин эрт сэрэмжлүүлэх систем сайжирснаар гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо буурсан гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэсэн. Эрдэмтдийн үзсэнээр дэлхийн дулаарлыг +1.5C хэмд барих шаардлагатай байгаа юм. Учир нь хоёр хүртэлх хэм рүү нэмэгдвэл үүсэх аюулын хэмжээг тооцох боломжгүй ажээ. Хэт халалтад өртөх бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах, их хэмжээний үр тарианы ургацаа алдаж, хүнсний нөөцийн хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг НҮБ анхааруулсаар байна. НҮБ гишүүн орнууддаа 2030 он гэхэд биеллээ олох тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх гэрийн даалгавар өгсөн билээ. Үүнд Уур амьсгалын өөрчлөлтийн үр  нөлөөг багасгах, Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, Хариуцлагатай хэрэглээг дэмжих зэрэг одоогийн дэлхий дахинд тулгараад буй асуудлын хүрээнд зорилтуудыг тусгажээ. Улс бүр Засгийн газар, хэрэгжүүлэгч агентлагуудаараа дамжуулан уг зорилтуудыг хангах шаардлагатай.
 
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр
 
Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгаралт  багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5C хэмд тогтвортой барих зорилттой олон улсын хэмжээний баримт бичиг юм. Энэхүү хэлэлцээрийг 2015 онд хийсэн билээ. Үүнд дэлхийн 159 улс нэгдсэн бөгөөд хэлэлцээрт тусгаснаар 2030 онд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувь хүртэл бууруулах зорилттой ажээ. Дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улс Их-20-ийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр байр сууриа илэрхийлэхдээ хөгжингүй орнуудын ялгаруулж буй асар их хэмжээний хүлэмжийн хий нь уур амьсгалын өөрчлөлтийг хурцатгаж хөгжиж буй орнуудад үүсэх дарамтын хэмжээ ихсэж байна хэмээн онцолж байсан юм. Мөн дэлхийн дулаарлаас үүдэн нийт 3.3 тэрбум хүн эрсдэх боломжтой гэх дүгнэлтийг НҮБ-ын статистикийн хорооноос мэдээлжээ. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл ядуу буурай, хөгжиж буй орнуудад асар их хэмжээний хохирлыг үзүүлэх ажээ.
 
Эрчим хүчний салбар дахь хүлэмжийн хийн ялгаралт
 
Эрчим хүчний салбар нь хүлэмжийн хийн ялгарлын голлох салбар юм. Нүүрсний шаталтаас үүсэх нүүрстөрөгчийн давхар исэлдэлтийг бууруулах арга нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нүүрсний цахилгаан станцуудыг унтраан сэргээгдэх эрчим хүчний станцуудыг шинээр ашиглалтад оруулсаар байгаа юм. Үүний  хамгийн том жишээ нь Австрали улс ажээ. Тус улсын эрчим хүчний яам болоод Засгийн газрын зүгээс нүүрсний цахилгаан станцуудыг 2050 он гэхэд улсын хэмжээнд бүрэн унтрааж дуусахаар ажилллаж буй. Муж хотуудын томоохон цахилгаан станцууд нь унтраагдах хугацаа заагдсан төлөвлөгөөний дагуу шинээр усны, салхины болон нарны сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудыг хослуулан ашиглалтад оруулсаар байна. АНУ-ын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд дэлхийн хамгийн том зах зээлд тооцогддог БНХАУ-тай хамтран хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж ажиллахаар төлөвлөж байгаа юм. Европын орнууд хэт халалтад голлон өртөж буй хэсэг билээ. Тэдний хувьд эрчим хүчний салбарт атомын цахилгаан станцуудыг илүүтэй түшиглэж байгаа юм. Энэ нь хэдийгээр аюулгүй сонголт болж хараахан чадахгүй ч Финланд улсын хувьд атомын цахилгаан станцаас гарах цацраг идэвхт хог хаягдалд шинэ инновацыг амжилттай нэвтрүүлж чадсан юм.

Судалгааны байгууллага болох “S&P Global Platts”-ийн тооцоолсноор эрчим хүчний шаталтын нөлөөгөөр ялгарах хүлэмжийн хийн хэмжээ 2050 он гэхэд 50 тэрбум тоннд хүрэхээр байна. Харин одоогоор энэхүү үзүүлэлт нь 35 тэрбум орчим тонн байгаа ажээ. Судалгааны байгууллагын тооцооллоор хүлээгдэж буй технологийн дэвшил болон бодлогын арга хэмжээг оруулсан боловч хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2025 онд оргилдоо хүрч түүнээс хойш тогтворжих боломжтой хэмээн үзжээ.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын олон улсын мэргэжилтнүүдийн хороо буюу IPCC (Intergovernmental Panel on Climate Change) байгууллагаас гаргасан V үнэлгээний тайланд дурдсанаар, дэлхийн уур амьсгал  XIX зууны аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас хойш 0.85 хэмээр дулаарсан болохыг тогтоожээ. Дэлхийн уур амьсгалын  хэмжээ энэ зууны эцэс гэхэд 0.9-5.4 хэм болж өсөхөөр байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийг зорилтот түвшинд барихад ердөө долоон жил үлджээ. НҮБ-ын зүгээс дундаж хэмийн өсөлтийг хоёр хэмд барихаар төлөвлөөд байгаа ч эрдэмтэд үүнд эргэлзэж байна. Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ улс орнууд биелүүлсэн ч   энэ зууны төгсгөлд дундаж хэмийн өсөлт 3.2-д хүрч болзошгүй байгаа юм.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 148 (7133)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn