Хятадын эдийн засгийг хэрхэн ойлгох вэ
"Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнээ хөгжүүлэхийн хэрээр энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд төсөөлөлдөө хүрч, үргэлжлэн өснө гэдэгт итгэлтэй байна” гэж дөрөвдүгээр сарын 15-ны өдөр, Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 4 дэх экспод оролцож буй Ирландаас Хятадад суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Жо Кертин сэтгүүлчдэд илэрхийлж байлаа.
Энэ удаагийн хэрэглээний экспод дэлхийн 71 улс, бүс нутгийн 4000 гаруй брэнд оролцсон байна. Экспо сайн ажиллаж байгаа нь Хятадын эдийн засгийн сэргэлтийн тод тайлбар болж байна. Энэ талаар 16-ны өдөр нийтэлсэн Хятадын албан ёсны тоо баримтаас үзэхэд, эхний улиралд Хятадын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3%-иар өссөн байна. Энэ өсөлтийн хурд “төсөөлж байгаагаас давлаа” гэж гадаадын хэвлэлүүд онцолж байна.
Мэдээлэл гарахтай зэрэгцэн Германы канцлер Олаф Шольц, Siemens, BMW, Мерседес Бенз зэрэг Германы компаниудын хариуцлагатай хүмүүс нарын хамт Хятадад айлчлав. Энэ нь Германы засгийн газар, компанийн удирдлагууд "Хятадгүйгээр болохгүй" гэдгийг харууллаа гэж Германы хэвлэлүүд онцолжээ. Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинжээчдийн хэлснээс иш татаж, Шольцын энэ аялал нь ХБНГУ болон ЕХ хоёулаа Хятадын эдийн засгийн бодит байдлыг ойлгохыг хүсэж буйг харуулж байна гэж үзжээ. Тэгвэл эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүд тэдэнд хариулт өгсөн. Үүнийг гурван талаас судалж үзье.
Юуны өмнө, хэрэглээ нь Хятадын эдийн засгийн онцлох салбар хэвээр байж, зах зээлийн асар их боломжтой байгааг харуулж байна. Эхний улиралд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт 4.7%-иар, үйлчилгээний жижиглэнгийн худалдаа 10%-иар өсч, оршин суугчдын хэрэглээ үргэлжлэн сайжирчээ. Импортын хувьд, нэхмэл болон хувцас, хатаасан болон шинэхэн жимс, үхрийн мах, зурагт зэрэг бүтээгдэхүүний өсөлтийн хурд хоёр оронтой тооноос давж, өргөн хэрэглээний барааны өсөлт сайн байв.
Хоёрт, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний авчирсан хөгжлийн шинэ эрч хүч. Камбожийн хэвлэл мэдээллийнхэн саяхан дүн шинжилгээ хийж тэмдэглэхдээ, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжил нь уламжлалт эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрээс ялгаатай бөгөөд дээд технологи, өндөр үр ашигтай, өндөр чанарын онцлог шинжтэй байна. Эхний улирлын тоо баримтаас үзвэл, жилийн орлого нь 20 сая юниас давсан дээд технологийн томоохон аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5%-иар нэмэгдэж, өнгөрсөн оны 4-р улирлаас 2.6 нэгжээр илүү байна. Бүтээгдэхүүний хувьд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 29.2%, нарны зай 20.1%, үйлчилгээний робот 26.7%-иар өссөн байна.
Тэгвэл шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин нь дэлхийд юу авчрах вэ? Этиопийн өндөр уулын кофены үрээр жишээлье: Хятадын компаниуд Этиоп кофены сав баглаа боодол, брэндүүдийг шинээр бий болгож, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж, цахим худалдааны маркетингийн тусламжтайгаар шууд нэвтрүүлгийн өрөөнд нэг орой гэхэд 20 мянга гаруй хайрцаг зарагдсан байна. Энэ нь Хятад улс болон бусад улс орнуудын өнөөгийн хамтын ажиллагааны баримт бичигт дижитал эдийн засаг нь чухал хэсэг болсныг хүмүүс анзаарч болно. Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнээ хөгжүүлснээр өөрийн эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ түлхэц өгч буйг харж болно.
Гуравт, урьдчилан таамаглах, чиг хандлага нь эдийн засгийн хөгжилд маш чухал бөгөөд энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн бас нэгэн давуу тал юм. Хятадын эдийн засгийг байнга муулдаг зарим хүмүүс "Хятадын эдийн засаг дээд цэгтээ хүрсэн" гэх зохиомол яриа бий болгосон байдаг. Гэвч эдгээр тоо баримтууд тэдэнд хариулт өгсөн.
Америкийн CNBC вэб сайт саяхан бизнесийн судалгааны дүнгээс иш татаж, Хятадын эдийн засаг эхний улирлыг "хүчтэй" өнгө аясаар тууллаа гэж тэмдэглэжээ. Санхүү, мөнгөний идэвхтэй бодлогын дэмжсэнээр энэ онд Хятадын эдийн засаг тогтвортой өснө гэж Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава хэлжээ.
Хятадын эдийн засгийн бодит байдал ямар байна вэ? Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр дэлхийд шинэ боломж олгож, дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд илүү өргөн хүрээтэй хөгжлийн орон зай олгоход бэлэн байна гэж Хятад улс олон удаа илэрхийлсэн. Өнөөгийн байдлаар дэлхийн эдийн засаг хүндхэн байдалд тулгарч, Хятадын эдийн засгийн тогтвортой, сайжрах үндэс суурь хараахан бат бөх болоогүй байгаа хэдий ч эерэг хүчин зүйлүүд тасралтгүй нэмэгдэж байгаа нь бүтэн жилийн зорилтоо биелүүлэх сайн үндэс суурийг тавьсан юм. Хятадын эдийн засгийг байнга муулж байдаг хүмүүс хоншоор амаа билүүдэхийн оронд Хятадын эдийн засгийн бодит байдлыг зөвөөр ойлгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодитой ажил хийсэн нь дээр байх.
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | www.cri.cn |