Израилын Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна

447


Израилд эрх баригчдынхаа цар тахалтай тэмцэх талаар хийж буй ажилд сэтгэл дундуур олон мянган хүн Иерусалим, Тель-Авив, Кесари болон бусад хотод жагсав. Олонх нь амны хаалтаа зүүсэн жагсагчид Биньямин Нетаньяху тэргүүтэй Засгийн газрыг коронавирус болон авлигатай тэмцэх чадваргүй хэмээн буруушааж, огцрохыг шаардаж байна.
Урьдынхтай нь харьцуулахад өнгөрөгч бямба гаргийн жагсаал тайван болов. Заасан 23.00 цагт тарахаас татгалзсан 12 хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Өдгөө 70 настай Б.Нетаньяху нь авлига, луйвар, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүгдэх гэж буй хэрнээ төр барьж буй, тус улсын анхны удирдагч юм. Өөрийг нь буруутгасан бүх хэргийг тэрбээр няцааж буй.
Тус улсад цар тахалтай тэмцэх талаар авсан арга хэмжээг олон нийт эхлээд сайшааж байсан боловч тавдугаар сард хөл хориог аажмаар цуцалснаас хойш халдвар авсан хүний тоо өсжээ. Б.Нетаньяху өөрөө ч зарим хориог хэт эрт цуцалж, тухайлбал, кафе, рестораныг нээсэн нь буруудсаныг хүлээн зөвшөөрсөн аж.
Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал хэдэн долоо хоногийн турш үргэлжилж буй бөгөөд энэ удаа хамгийн олон хүн оролцжээ. Зохион байгуулсан “Хар далбаанууд” байгууллагынхны мэдээлснээр 30 мянган хүн оролцсон аж. Харин хэвлэлүүдэд 15 мянган хүн цугласан хэмээн бичиж байна.
Жагсагчид Иерусалим дахь Б.Нетаньяхугийн албан ёсны өргөөний дэргэд цуглаад цааш тус хотын гудамжууд, Кесари хот дахь түүний хувийн өргөөний хажуугаар явж өнгөрчээ. Тель-Авив хотод жагсагчид хөл хорионы улмаас ажилгүйчүүдийн тоо өссөн, эдийн засгийн хүнд байдал үүссэнийг эсэргүүцэв. Түүнчлэн тус улс даяар авто замын 300 уулзвар, гүүр, тээврийн сүлжээнүүдэд жагсаал болжээ. Нэг замд жагсагчид автомашин хөмөрснийг цагдаагийнхан мөрдөн шалгаж байна.
Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалыг мэдээлж, хэт давруу үзэлтнүүдийн ажиллагааг сурталчиллаа хэмээн Б.Нетаньяху улсынхаа телевизүүдийг зэмлэв. Жагсаалын улмаас Засгийн газрын тэргүүний өргөөтэй залгаа гудамжуудын хөдөлгөөн хаагдсан гэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn