"Их хэмжээний мансууруулах бодис болон эм хураан авлаа"

Цагдаагийн байгууллагаас хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар өнөөдөр /2025.04.15/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын УСХА хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Батхуяг:
-2025 оны эхний гурван сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Эдгээр гэмт хэргүүдийн 91 хувь нь нийслэлд, 9 хувь нь орон нутагт бүртгэгдээд байна. Хүйсээр авч үзвэл хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн.
- 84.6 хувь нь эрэгтэй
- 15.4 хувь нь эмэгтэй байна.
Өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй байна.
Бид Монгол Улсын иргэн гаднын иргэнтэй хамтраад гадаад улсаас мансууруулах төрлийн бодисыг оруулж ирж, худалдан борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, гэмт этгээдийг баривчилсан. 510 гр мансууруулах төрлийн 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хурааж авсан. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Уг этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин ийнхүү гэмт хэрэг үйлдэж баригдсан. Уг мансууруулах бодис нь хүчтэй донтуулдаг, тухайн бодисоо олж авахын тулд хүн ямар ч гэмт хэрэг үйлдэхэд бэлэн болдог. Тиймээс уг бодис нь хууль хүчний байгууллагын хяналтад байдаг. Иргэд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гаднын этгээдүүдтэй нийлж гэмт хэрэг үйлдвэл баригдана.
Мөн Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоос их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлж, Улаанбаатар хотод орж ирэхэд нь таслан зогсоох буюу баривчилсан. Уг дөрвөн хүний гуравт нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг этгээдэд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг эм нь энгийн эмчийн жороор олгогддог, тухайн эмийг хүүхэд залуучууд мансуурах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэдэг. Тухайн эм нь өвдөлт намдаах үйлчилгээтэй буюу хоногт нэг ширхгийг уух зориулалттай юм. Гэвч үүнийг 5-10 ширхгээр нь тарианы устай найруулж, судсаар тарьж хэрэглэж байна. Энэ явцдаа судасны гадуур тарих, судас бөглөрүүлэх шалтгаанаар эрүүл мэндээ ноцтой хохироож байна. Энэ төрлийн гэмт хэрэг анх 2022 оноос эхэлж бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 13 өсвөр насны хүүхэд нас барсан. 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан.
Монгол Улсад ургадаг ургамлаас мансууруулах төрлийн бодис бэлтгэдэг, нийлүүлдэг тохиолдол энэ гэмт хэргийн 70 хувийг эзэлж байна. Тухайн ургамал нийт 5000 га талбайг тархан ургадаг. Харин үлдсэн 30 хувь нь Монгол Улсын хилээр орж байгаа синтетик төрлийн мансууруулах бодис байна.
Сүүлийн үед ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн олон гэмт хэрэг илрүүлж, мөн тооны мансууруулах бодис, эм бэлдмэлийг хураан авч байна. Үүний зэрэгцээ хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын нэр хүндэд халдах явдал түгээмэл байна. Тухайлбал, алба хаагчдыг хураасан хар тамхиа зарж, борлуулдаг гэх гүтгэлгийн чанартай мэдээлэл явах боллоо. Та бүхэнд ойлголт өгөхөд хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг улирал бүр шинжилгээнд хамруулдаг, шалгадаг. Эдгээр хүмүүс хар тамхитай тэмцэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байдаг. Тиймээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна.