Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэв

10

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооныхон “Манай салбар хүний нөөцийн дутагдалд орж, ажиллах хүнгүй болсон. Гэтэл орон тооны цомхотгол нэрээр нэг дор 50 ажилтныг цомхотгох албан бичгийг үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн байна. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн явдал. Тиймээс цомхотголд орсон хүмүүсийн дараагийн ажлын байр, нийгмийн хамгааллын асуудал, тэтгэмжийн талаар хэлэлцэх ёстой. Мөн Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бид холбогдох байгууллагынханд хүргүүллээ. Засгийн газрын 370 дугаар тогтоол гэж бий. Үүнд сайдын зөвлөлд ажилтны болон ажил олгогчийн төлөөлөл заавал байх ёстой гэж заасан. Гэтэл Эрчим хүчний сайдын зөвлөлд манай холбооноос нэг ч хүн байхгүй. Түүнчлэн салбарын яаманд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байна. Бас “Эрчис Монгол” компанийг татан буулгах шаардлагатай. Тус байгууллага манай салбарт огт нэмэр болдоггүй” гэв.
Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Дагвадорж “Эрчим хүчний салбарынхан “Ажилтнаа сонсъё” зөвлөгөөнийг энэ сарын 9-нд зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр эл салбарын ажилтнууд асуудлаа дотроо хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн. Гэтэл салбарын сайд болон удирдлагууд ажилтнуудын төлөөлөлтэй өнөөдрийг хүртэл уулзсангүй. Уг нь бид өмнөх Засгийн газарт Б.Чойжилсүрэн мэргэжлийн бус хүн учир сайдаар ажиллуулж болохгүй гэх шаардлага хүргүүлж байсан. Гэвч дараагийн Засгийн газарт ч түүнийг дахин сонгосон” гэв. Мөн тэрбээр эрчим хүчний салбарын реформ гэдэг нь Үндэсний хороо, эсвэл компани байгуулаад шийдчихдэг асуудал биш болохыг энэ үеэр онцолсон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn