Автомашины грашийн зориулалттай байранд хичээллэж байсан 19 хүүхдээс хар тугалга, хүнцэл илэрсэн хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА

60


“ГОЛОМТ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ГРАШИЙН ЗОРИУЛАЛТТАЙ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ  БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

       Налайх дүүргийн “Голомт” сургуулийн 19 сурагч хордлогод ороод 11 хонож байна. Тус сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийн грашийн зориулалттай барилгад буюу 108 тоотод хичээллэдэг. Энэ сарын 17-нд тус сургуулийн 10-4 ангийн сурагчдын толгой эргэж, дотор муухайрч, зүрхний хэм нь алдагдаж, зарим нь ухаан алдсан байдалтай Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн дөрвийнх нь  биеийн байдал хүндэрч, нэг нь ухаан алдсан учир яаралтай түргэн тусламжийн автомашинаар ЭХЭМҮТ-д хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус сургуулийн сурагчид юунаас болж хордсоныг тодорхойлсон эсэх, тэдний биеэс яагаад хар тугалга, хүнцэл илэрсэн болохыг сурвалжилсан юм.
     “Голомт” сургуулийн сурагчдын хичээлийн байр хуучирч, чанарын шаардлагад нийцэхгүй болсон тул шинэ сургууль барьж, барилгын ажил үргэлжилж  байгаа аж. Тиймээс 2022-2023 оны хичээлийн жилд “Голомт” сургуулийн хичээлийн байр ашиглалтад орж амжихгүй учир тус сургуулийн удирдлагууд  Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг 23 сая төгрөгөөр түрээсэлж, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч өнгөрсөн есдүгээр сараас тус төвд хичээллэж буй хүүхдүүдийн бие өвдөж, тэдний дотор муухайрч, толгой эргэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн болохыг эцэг, эхчүүд онцолж байлаа. Тухайн үед эмнэлэгт хүргэгдэж байсан хүүхдүүдийн бие дусал залгуулаад сайжирч байсан учир эцэг, эхчүүд тоохгүй өнгөрөөдөг байж. Харин хүүхдүүдийн бие таагүй болж, эмнэлэгт хүргэгддэг асуудлыг  тус сургуулийн багш, ажилчид нуун дарагдуулдаг, худал хэлдэг байсан  болохыг тус сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг, эхчүүд хэлж байсан юм. Түүнчлэн энэ сарын 17-нд тус сургуулийн сурагчдын бие өвдөж, олноороо эмнэлэгт хүргэгдэж, заримынх нь биеэс хар тугалга, хүнцэл илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа болон тэднээс хар тугалга, хүнцэл илэрсэн нь үнэн эсэхийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй охины ээж  Д.Энэбишээс тодрууллаа.

ХОРДСОН ОХИНЫ ЭЭЖ Ц.ЭНЭБИШ: ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН НАЙМАН ХҮҮХДЭЭС ХАР ТУГАЛГА, ХҮНЦЭЛ ИЛЭРСЭН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН

    Тэрбээр “Миний охин энэ сарын 17-ний 17:00 цагийн үед “Миний толгой өвдөж, дотор муухайраад байна. Би уначихгүйхэн шиг гэртээ харих гээд явж байна. Манай ангийн таван хүүхдийн бие өвдөж, эмнэлэг рүү явсан” гэж аавтайгаа ярьсан байсан. Тэгэхээр нь аав нь охиноо тосож аваад эмнэлэг дээр очтол ангийнх нь хүүхдүүд олноороо хордлогын байдалтай дусал тариа, хүчил төрөгч залгуулсан байсан гэсэн. Тэр өдөр Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт ирсэн хүүхдүүдийн дөрвийнх нь  биеийн байдал хүндэрч, нэг нь ухаан алдсан тул ЭХЭМҮТ- рүү яаралтай зөөвөрлөсөн. Хүүхдүүдийн биеэс мансууруулах бодис буюу хар тамхи, газ, согтууруулах ундааны зүйл илрээгүй. Харин ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн дөрвөн хүүхдээс хар тугалга, хүнцэл илэрсэн гэдгийг эмч нар бидэнд болон сургуулийн удирдлагуудад хэлсэн. Хүүхдээс хүнд төрлийн бодис илрүүлэх шинжилгээг заавал эцэг, эхийн гарын үсэгтэй зөвшөөрлөөр авдаг гэж ЭХЭМҮТ-ийн эмч нар хэлсэн. Тэгэхээр Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан миний охиноос хар тугалга, хүнцэл илрүүлэх шинжилгээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл, биднээс охиноос шинжилгээ авахыг зөвшөөрөх гарын үсэг зуруулаагүй. Тэгсэн мөртлөө эмч, судлаачдын баг сургуулийн удирдлагуудад эмнэлэгт хэвтсэн найман хүүхдээс  хар тугалга, хүнцэл илэрсэн гэж мэдэгдсэн. Зөвхөн миний охиноос гэлтгүй ангийнх нь хүүхдүүдээс хортой бодис илэрсэн учир сургуулийн удирдлагуудад гомдолтой  байна” гэсэн юм. Тус ангид сурч байсан хүүхдүүдээс хар тугалга, хүнцэл илэрчихээд байхад сургуулийн удирдлагууд сургалтын орчноос хүүхдүүд хордоогүй болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс хүүхдүүд янз бүрийн бодис хэрэглэсэн эсвэл идэж, уусан хоол хүнснээс нь болсон гэх тайлбарыг өгч буйд эцэг, эхчүүд гомдолтой байгаа аж. Хордлогод орсон гэх шинж тэмдэгтэй 19 сурагчаас гадна түүврийн аргаар буюу зарим багш, эцэг, эхчүүдээс шинжилгээ авчээ. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр буюу даваа гарагт гарах аж.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ОХИНЫ ЭЭЖ Б.Н: ОХИНОО ЭРҮҮЛ БОЛТОЛ НЬ “ГОЛОМТ” СУРГУУЛИЙНХАНД ГОМДОЛ ГАРГАНА

      “Голомт” сургуулийн 10-4 ангийн сурагчдын эцэг, эх хүүхдээ Гэр бүл, хүүхэд залуучуудын төвд буюу 108 тоот ангид сургахгүй. Эрүүл, саруул хүүхдүүдээ насны өвчтэй болгож байгаа сургуулийн удирдлагуудад гомдолтой байгаагаа тэд  илэрхийлсэн юм. Тодруулбал, тус сургуулийн 10-4 ангийн хордсон охины ээж Б.Н “Би есдүгээр сард гурвалсан гэрээ байгуулж, эрүүл, саруул охиноо “Голомт” сургуульд өгсөн.  Гэтэл охин минь насаараа эмчийн хяналтад байхаар болчихлоо. Эмч охиныг минь нарийвчилсан шинжилгээ хийлгэж, эмчийн хяналтад байнга  байхыг зөвлөсөн. Би хүүхдээ дахин тус анги руу хичээлд нь явуулахаас айж байна. Охины минь ангийнхныг өөр анги руу шилжүүлэхгүй бол бид хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй гэдгийг багшид нь хэлсэн. Охин минь өнөөдөр эмнэлгээс гарах ёстой байсан боловч бөөлжих, дотор нь муухайрах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлэхээр болсон. Тиймээс охины минь сэтгэл санаа таагүй, хоолондоо муу байгаа. Охины минь анги стандартын шаардлага хангаагүй дээд талаар нь бохирын шугамтай юм билээ. Анги нь агааржуулалтын шугамгүй учир бүгчим байдаг гэсэн. Тиймээс охины минь ангийн хүүхдүүд ангиасаа хордсон гэж хардаж байгаа. Бохирын шугамаас амиак гэх хорт бодис ууршиж, ялгардаг байж таарна. Харин хүүхдүүдээс  урьдчилсан байдлаар мансууруулах төрлийн бодис илрээгүй болохыг цагдаа нар мэдэгдсэн” гэлээ. Тиймээс “Голомт” сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг, эхчүүд сургуулийн удирдлагуудад гомдолтой байгаа илэрхийлж байсан юм. “Голомт” сургуулийн 10-4 ангийн хүүхдүүд олноороо хордсон өдөр тус Онцгой байдлынхан болон цагдаа, мэргэжлийн хяналтынхан тухайн ангид урьдчилсан шинжилгээ хийж, хүүхдүүдийг ангиас хордоогүй байна гэх дүгнэлт гаргажээ. Харин мэргэжлийн байгууллагынхны хийсэн тус дүгнэлтийг эцэг, эхчүүд худал дүгнэлт, албан ёсны дүгнэлт гараагүй хэмээн эсэргүүцэж байгаа аж. Харин стандартын шаардлага хангаагүй грашийн зориулалттай баригдсан барилгад яагаад хүүхдүүд хичээллүүлсэн болохыг 10-4 ангийн багш З.Золцэцэгээс тодруулсан юм.

10-4 АНГИЙН БАГШ З.ЗОЛЦЭЦЭГ: ЦАГДАА НАР МАНАЙ АНГИЙН ГУРВАН ХҮҮХДИЙН ЦҮНХИЙГ ХУРААЖ АВСАН

      Тэрбээр “Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийг манай сургууль түрээсэлж, сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа.  Манай ангийг 108 тоотод хуваарилсны дагуу бид орсон. Мөн тус байгууллагыг манай сургууль хэчнээн төгрөгөөр түрээсэлж байгааг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар манай ангийн гурван хүүхэд Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бямба гарагийн шөнө эмнэлгээс гарсан нэг хүүхдийн бие дахин өвдөж, эмнэлэгт очсон. Бусад нь өнгөрсөн баасан гарагт эмнэлгээс гарсан. Хүүхдүүд минь  юунаас болж хордсоныг хэлж мэдэхгүй байна. Манай ангид ил харагдахуйц бохирын шугам, сүлжээ байдаггүй. Гэхдээ агааржуулалтын систем байхгүй учир бүгчим байдаг. Цонх ойлгохоор хүүхдүүд даардаг болохоор төдийлөн онгойлгодоггүй юм. Одоогийн байдлаар манай ангийнхан танхимаар хичээллэх боломжгүй байгаа учир цахим хичээл орж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ангиас шинжилгээ авч байгаа учир цагдаа нар ангийг  онгойлгож болохгүй гэсэн. Мөн шалгалтын ажиллагаа дуусаагүй учир бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Манай ангийнхнаас мэдүүлэг авахдаа гурван хүүхдийн цүнхийг хурааж авсан байна лээ” гэв. Бид сурвалжилга бэлтгэх үеэрээ 19 хүүхэд хордсон гэх 108 тоот ангид орж нөхцөл байдалтай танилцсан юм. Тус ангийг хичээл эхлэхээс өмнө зориулалтын анги болгон тохижуулж, ил харагдахуйц бохирын шугам, сүлжээг далдалсан байв. Гэвч багш, эцэг, эхчүүдийн хэлсэнчлэн тус ангид агааржуулалтын систем байхгүй, тааз намхан, ангийн ширээ, сандал ойрхон, хойд талдаа нэг цонхтой, зай талбай муутай байсан юм. Бид В1 давхарт буюу грашийн зориулалттай баригдсан гэх 107 тоот ангийн сурагчдаас ямар нөхцөл байдалд хичээллэдэг болохыг тодруулсан юм. Тэд “Хажуу талын ангийн хүүхдүүд юунаас болж хордсоныг мэдэхгүй байна. Гэнэт олноороо хордсон учир бид бас гайхсан. Манай сургуулийн ойролцоо хар тугалга, хүнцэл илрэхүйц хорт бодис агуулах цэг байхгүй байх. Манай ангийнхнаас толгой өвдөх, дотор муухайрах, зүрхний хэм нь алдагдах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүүхэд байхгүй. Харин анги минь хүйтэн учир бид гадуур хувцастайгаа суудаг” гэсэн юм.

“ГОЛОМТ” СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Р.ЦЭДЭНДАМБАА: ХҮҮХДҮҮДЭЭС ХОРТ БОДИС ИЛЭРСЭН ГЭХ НЬ МАНАЙ СУРГУУЛЬТАЙ ЯМАР Ч ХАМААГҮЙ

     Бид хордсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа, тэд юунаас хордсон байж болох талаар тус сургуулийн захирал Р.Цэдэндамбаагаас тодруулсан боловч тэрбээр “Би хуралтай байна. Тиймээс сургууль дээр очиж мэдээлэл өгч чадахгүй. Хүүхдүүд сургуулийн орчноос болж хордоогүй. Тэднийг юунаас болж хордсон болохыг судалгаа, шинжилгээ авсан мэргэжилтнүүдээс тодруул. Би мэдээлэл өгч чадахгүй” гэсэн билээ. Тиймээс эцэг, эхчүүд сургуулийн удирдлагуудыг  мэргэжлийн лабораториудын мэргэжилтнүүдээр шинжилгээ хийлгэчихээд хариуг нь бидэнд хэлэхгүй нууж байна хэмээн үзэж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд албан бичгээр сургуулийн захиралд шаардлага хүргүүлж, гомдол гаргах тухайгаа онцолж байсан юм.

 “ГОЛОМТ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Ц.БАТЗАЯА: ГРАШИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ХЭСГИЙГ АНГИ БОЛГОЖ ЗАССАН БОЛОХООС ГРАШ БАЙСАН ХЭСЭГТ ХИЧЭЭЛ ОРООГҮЙ

     19 хүүхэд стандартын шаардлага хангаагүй орчинд хичээллэсний улмаас хордсон байж болзошгүй гэдгийг сурагчдын эцэг, эх мэдээлсэн. Тэгэхээр ямар ангид 10-4 анги хичээллэдэг байсныг тус сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Ц.Батзаяагаа тодруулсан юм. Гэтэл тэрбээр “Манайх сургуулиа ашиглалтад орох хүртэл Гэр бүл, хүүхэд залуучуудын төвийг түрээсэлж, ахлах ангийн сурагчдаа хичээллүүлж байгаа. Тус байгууллагын В1 давхар грашийн зориулалттай баригдсан байсныг бид хичээл орох анги болгож тохижуулсан. Тэгэхээр тус газар граш байгаагүй гэсэн үг. Гурван ангид таван анги ээлжилж ордог. Бид сургуулиа ашиглалтад орох хүртэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын төвийн грашийн зориулалттай байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Тус хэсгийг грашийн зориулалтаар ашиглаж байгаагүй учир аюулгүй гэж үзэж байгаа. Харин энэ сарын 17-нд 108 тоот ангид хичээллэж байсан 19 хүүхдийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор тэдний биеийн байдал ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Энэ талаар эмч нараас нь тодруулах хэрэгтэй” гэсэн юм.

“ГОЛОМТ” СУРГУУЛИЙН ТҮРЭЭСЭЛЖ БУЙ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТӨВ ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫХ ГЭВ ҮҮ

     Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төв 2017 онд ашиглалтад орсон. Ингэхдээ Налайх дүүргийн сурагчдыг чөлөөт цаг заваа зөв, боловсон өнгөрүүлэх зорилгоор морин хуур, балет, уран зураг, хөл бөмбөг, бадминтон, загвар зохион бүтээх сургалт явуулах зорилгоор нээсэн байдаг. Тус төвийг Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий компани болох “Цэцэн гэрс” ХХК барьсан гэх мэдээлэл бий. Мөн “С.Амарсайхан даргын хамаарал бүхий Гэр бүл, хүүхэд залуучуудын төвд хичээллэж байсан хүүхдүүд олноороо хордлогод орсон учир Шадар сайд богино хугацаанд томоохон хэмжээний лабораториудаар сургалтын орчинд шинжилгээ хийлгэсэн хэмээн” “Голомт” сургуулийн эцэг, эхчүүд ярьж байсан юм.
     “Голомт” сургуулийн ахлах ангийн 19 хүүхэд хордлогод орж, найман хүүхдийн биеэс хар тугалга, хүнцэл илэрсэн болохыг мэргэжлийн эмч нар албан ёсоор сургуулийн захирал, багш, эцэг, эхчүүдэд мэдэгдсэн байна. Гэвч сургуулийн удирдлагын  зүгээс хүүхдүүд юунаас болж хордсон болохыг тодорхой мэдээлэхгүй. Мэдээлэл өгөхдөө “Сургуулийн орчноос болж хүүхдүүд хордоогүй” хэмээн хэргийг нуун далдалж байгаад эцэг, эхчүүд гомдолтой байгаа аж. Энэ сарын 17-нд хордсон 19 хүүхдээр тогтохгүй тус сургуульд сурч буй нийт хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой эрсдэл үүссэн байхад “Голомт” сургуулийн захирал Р.Цэдэндамбаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргээс сонсогдсон Шадар сайд С.Амарсайхан болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй дарга нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй чимээгүй байгаа нь ямар учиртай вэ. 19 хүүхдээс хар тугалга, хүнцэл илэрсэн хэрэгт хэн хариуцлага тооцож, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах вэ.
19 хүүхэд хордсон 108 тоот ангийн дээд талд бохирын шугам байдаг тул өмхий үнэртдэг, агааржуулалтын систем байхгүй гэж эцэг, эхчүүд ярьж байв
https://ergelt.mn/news/125/single/27737
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn