Алдуул малыг эрх бүхий этгээдэд мэдэгдэхгүй захиран зарцуулбал хулгай гэж үзнэ
Иргэн Э нь өөрийнх нь сүрэгт нийлсэн Ц-ийн хар халзан зүсмийн сувай үнээг махлан борлуулж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Э-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Э-гмашин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулжээ.
Эрүүгийн болон Иргэний хуулиудад “Алдуул мал” гэсэн нэр томьёо байдаг бөгөөд үүнд хүний ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хамааруулан үздэг ба энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч Ц, гэрч Т, С, шүүгдэгч Э нарын мэдүүлгээр Ц-ийн хаваржаандаа орхиод нүүсэн хар халзан зүсмийн үхэр нь эхлээд гэрч С-ын, дараа нь Э-ийн үхэр сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг үхрийн талаар Э нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “…орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.
Иргэний хуульд ийнхүү заасан үүргээ биелүүлсний дараа Э өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй юм.
Гэтэл тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсныг /махалж борлуулсан/ хоёр шатны шүүх бусдын малыг хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх үзсэн болно.
Учир нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Э-ийн гэмт үйлдлийн талаар ийнхүү хууль зүйн зөв дүгнэлт хийсэн атлаа түүнийг “машин механизм ашиглаж” бусдын малыг хулгайлсан гэж гэмт хэргийн обьектив талын нэмэгдэл шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг ба энэхүү шинж нь хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм.
Тэгвэл Э нь нэгэнт өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн, түүний мэдэлд байсан бусдын үхрийг махалж борлуулах зорилгоор мотоциклээр тууж ирснийг “машин механизм ашиглаж” хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд хяналтын шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, үүнтэй холбогдуулан болон шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасган шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолтой ЭНД ДАРЖ танилцана уу.
Шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр