Соёлын яамны дэд сайд М.Батбаяр: Циркийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулж үйл ажиллагааг эхлүүлнэ

275

Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид цалин хөлс болон тулгамдсан асуудлуудаа нэгтгэн таван төрлийн албан шаардлагыг салбарын сайддаа  хүргүүлж нээлттэй уулзалтыг зохион байгуулсан.
Уран бүтээлчдийн тавьж буй гол шаардлага бол цалин хөлсийг дундаж түвшинд буюу 1,5 төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм. Нээлттэй уулзалтын үеэр Соёлын сайд Ч.Номин цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. 
Харин энэ дунд ор тас хаягдаж гээгдэж үлдсэн, устаж үгүй болох дээрээ тулсан урлагийн төрөл бий. Тэр бол ЦИРКИЙН УРЛАГ.  Өдгөө 83 жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлж буй Монголын цирк эрх ашиг хайгчдын ханцуйн дотор наймаалагдаж техник хэрэгсэл нь галд шатаж, алтан манеж нь шороонд булагдаж, уран бүтээлчид нь гудамжинд гарсан байдалтай байна. 
Улсын циркийн барилгыг 2008 оны долоодугаар сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хороо 352 дугаар тоот тогтоолоор 100 хувь АСА кансалтинг компанийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш сүүлийн 15 жил улсын циркийн үйл ажиллагаа тасалдсан гэхэд хилсдэхгүй. 
Энэ хугацаанд тухайн үеийн БСШУЯ болон Соёлын яам циркийн уран бүтээлчдийн асуудлыг хэрхэх талаар нэг ч үе дугараагүй өдийг хүрсэн.
Салбарын яамдаа хүртэл гадуурхагдсан циркийн урлагийн амьсгаа тасарч дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. 
Уг асуудлаар бид Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа. 
Тэрбээр: "Улсын циркийн барилгыг хувьчилсан асуудлыг бүгд мэдэж байгаа. Циркийн барилгыг чиглэлээр нь ажиллуулна, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилт хийх нөхцөлөөр хангана гэсэн гэрээтэй юм билээ. Яамны зүгээс 14 хоногийн өмнө очиж газар дээр нь ажилласан. Айлын талаас 2020 онд барилгын шинэчлэл, засварын ажлыг эхлүүлсэн боловч цар тахлын үеэр хөрөнгө оруулалт тасалдсан. Одоо ажил үргэлжилж байгаа. Энэ 2023 онд багтаан засварын ажлыг дуусгаж үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн тайлбарыг хэлсэн. Бидний зүгээс ч мөн энэ хэлсэн хугацаандаа багтааж ашиглалтад оруулж уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоог хангахын тулд Төрийн зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна гэдгийг ярилцаж шахаж ажиллаж байгаа" хэмээсэн юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn