Ц.Мөнх-Оргил: Ч.Номин сайд аа, асуулт ойлгохгүй зөрүүлж хариулаад байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төслийн танилцуулгыг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “... үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. Юнескогоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд 2.2 их наяд ам.долларын орлоготой, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар байна. Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.
Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.
Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн гэв. Мөн тэрбээр цааш нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэх зэрэг уг хуулийн төсөл батлагдах ач холбогдолыг тодотгов.
Үүний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь зөв. Бид үндэсний соёлоороо бусдаас ондоошиж, ялгарч давуу байдал үүсгэж дэлхийн зах зээлд гарна. Хууль санаачлагчийн зүгээс зардал гаргахгүй гэсэн. Хүмүүс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа худалдаж авахад нь зориулаад ТАЛОН олгоно гэдгийг ойлгохгүй байна. Энэ одоо юу вэ? Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ халамжийн систем рүүгээ нэгтгэх гээд байгаа юмуу? Хүний нөөц бэлдэх мөнгийг Засгийн газар гаргана. Төрөөс бүтээлч үйлдвэрлэл явуулж байгаа ААН-үүд төсвийн дэмжлэг үзүүлж, өрийн баталгаа гаргана гэсэн байна. Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж ПАРК байгуулна гэсэн байна. Тэмцээн уралдаан зохион байгуулахад хүртэл улсаас мөнгө гаргана гэсэн байна. Улсаас мөнгө гаргахгүй гэдэг дүгнэлт чинь худлаа байна.
Соёлын сайд Ч.Номин: Шинэ салбарыг хөгжүүлэхэд шатууд бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэл бол шинэ эдийн засаг. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экосистемийг бүрэн судалсан. Үүнд бодлогын, үйлдвэрлэлийн, судалгаа хөгжүүлэлтийн, түгээлтийн дэд системийн уялдаа холбоог бүрэн хангахаар тусгасан. Соёлын ваучер буюу эрхийн бичиг нь дэлхийд гарч байгаа хамгийн том хандлага. Соёл хүртэж сурсан иргэдийг бэлтгэж байгаа заалт.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ч.Номин сайд та сүүлийн 20 жил соёлын бодлого алдагдсан гэдэг маш хариуцлагагүй үг хэлж байна. 23 жил бие даасан Соёлын яамгүй байсан ч бодлого алдагдаагүй. БШСЯ-ны харъяанд байхдаа хүртэл өнөөдрийн та бүхний ажиллаж байгаагаас илүү түвшинд ажиллаж байсан. Сахил хүртээд шал дордов гэгчээр Соёлын яам байгуулагдаад хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байна. Бүх л бүтэн аймаг 100 жилээ хийж байхад танай яамны хариуцлагагүй хүмүүсийн гайгаар шинээр байгуулагдсан театр нь ширээ сандалгүй байж байна. Ганцхан хотод хийж байгаа ажлаа соёлын ажил гээд байх юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 15-18 насны хүүхдүүдэд эрхийн бичиг өгнө гэсэн байна. Тэгж ажил удах хэрэг байна уу? Зүгээр л хүүхдүүдээ соёлын арга хэмжээнд үнэгүй оруулчихад хамаагүй зардал багатай. Соёл урлагийг дэмжих сангийн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан гэж өөрчилж байгаа юм байна. Урлаг гэдэг үгийг авч хаях нь үр дагавартай. 100 сая хүртэл хүртэлх хандивыг татвар ногдох орлогоос чөлөөлөх гэж байгаа юм байна. Үнийн дүн тавих нь буруу л даа. Зарим ААН-үүдэд 100 сая өндөр үнийн дүн, заримд нь бол юу ч биш. Татвар ногдох орлогоос хасах дүнг тооцохдоо татвар ногдох орлогын тэдээс илүүгүй хувийг хандивласан бол гэж тооцох ёстой. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад тусгай хэрэгцээний газар олгох гээд байна. Буруу шүү дээ. Газрын төлбөрийн хөнгөлөлт байх ёстой. Тусгай хэрэгцээний газар бол зориулалт нь өөр.
Барьцааны хуульд өөрчлөлт оруулах гээд сонин юм оруулаад ирсэн байна. Үүнийгээ буцааж татаж авсан нь дээр байх. Ойлгогдохгүй юм.
Соёлын сайд Ч.Номин: Өнөөдөр 16-аас доош насны хүүхдүүд музей үнэгүй үзэх зохицуулалт бий. Өсвөр насныхны хүүхдүүдийг ирээдүйд соёл хүртэж сурсан иргэн болгон төлөвшүүлэх суурийг нь тавьж өгөх хэрэгтэй гэж үзсэн. Бүтээлч үйлдвэрлэлд хэрэглэгч бэлдэж байгаа гэсэн тогтолцоо. Татвар ногдох орлогод дүн заах шаардлагагүй гэдэг дээр тантай 100 хувь санал нэгдэж байна. Сангийн яамнаас дүн тавих зохицуулалтыг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ч.Номин сайд аа, асуулт ойлгогдохгүй байна уу? Зөрүүлж хариулаад байх юм. 15-18 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзвэр үзэхийг эсэргүүцээгүй. Эрхийн бичиг өгч яах гэж байгаа юм бэ? гэдгийг асууж байна. Зардал багатай талаас нь ярьсан. Музейд хүүхдүүд үнэгүй орж байгааг хуулийг нь баталсан учир мэдэж байгаа.