Д.Цогтбаатар: Төр ДНБ-ий 70 гаруй хувийг бүрдүүлдэг авлигын том машин болж хувирсан

154

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа. 
-Төрийн өмчийн компани шинээр байгуулахгүй байх тогтоолын төслийг та санаачлан өргөн барьсан. Энэ тогтоол хэдий хугацаанд хэрэгжиж, төрийн өмчийн компани шинээр байгуулахыг хориглох вэ?
-Би төрийн өмчит аж ахуйн нэгжийг нэгийг ч шинээр нэмж байгуулахгүй байх санаачилгыг 2021 оны нэгдүгээр сард анх гаргаад гуравдугаар сард тогтоолын төслөө өргөн барьж байсан. Манай эдийн засагт гарчихаад байгаа маш том гажуудал байна. Төрийн ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээ хэтэрчихсэн. Тогтоол өргөн барихад тогтоолтой холбогдсон үндсэн судалгаануудыг хийх ёстой байдаг. Энэ судалгааг хийгээд үзэхэд төртэй холбоотой санхүүжилтийн үйл ажиллагааг аваад үзэхэд хамгийн багадаа 60 хувьд хүрсэн байна. Уг нь манай улс хувийн салбар давамгайлсан зах зээлийн эдийн засагтай орон гэж өөрсдийгөө ойлгоод, ДНБ-ий 80 хувийг хувийн салбар бүрдүүлж байгаа гэж бодоод явж байдаг. Гэтэл энэ нь байх ёстойгоосоо хоёр дахин буурсан байна.
Судалгаа хийхэд ихэнх төрийн байгууллагууд мэдээллээ өгөөгүй, мөн орон нутгийн болон бусад сангуудыг үзээгүй. Хэрвээ эднийг оруулбал ДНБ-д төрийн эзлэх хувь хэмжээ бүр нэмэгдэнэ гэж ярьж амжаагүй байтал БЗС-ийн асуудал гарч ирсэн. Тэнд ямар их мөнгөний асуудал яригдлаа. Хэрвээ энэ дүнг оруулбал хувийн хэвшлийн эзлэх хувь дахиад ч буурна.
Тиймээс нөхцөл байдал ийм болчихсон байгаа учраас нэмж төрийн өмчийн компани байгуулахаа болих шаардлагатай гэж харсан. 2021 оны нэгдүгээр сард үүнийг санаачилж байхад нүүрсний хулгай гараагүй байсан. Тэгэхэд би төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр чинь хамгийн том хулгай гарна, үүнийгээ барьж дийлэхгүй. Хэрвээ авлига, хээл хахуультай тэмцье гэж ярьж байгаа бол тогтолцоогоо өөрчил. Хулгайч нартай тэмц, шийтгэ. Гэхдээ энэ үзэгдлийг зогсоохгүй. Хэрвээ систем нь байж байвал шийтгүүлсэн хүмүүсийг орлох хүмүүс гарч ирээд хэдэн жилийн дараа хэдэн аавын хүүг шоронд хийнэ. Тэгэхээр системээ өөрчлөх ёстой.
Төрд ийм их мөнгө хуримтлагдсан байна. Төрийн өмчит аж ахуй нэгж айхтар том болсон.
-Шинэ Засгийн газар байгуулагдаад тэдэн яам, агентлагтай байна гээд төрийн байгууллагын тоог нэмдэг. Энэ тогтоолыг баталвал тайлбал Засгийн газрын энэ эрхийг хааж чадах уу?
-Хэдэн жилийн хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг бид ажлын хэсэг дээрээ ярьж тогтоно. Миний гол өөрчлөх гээд байгаа зүйл бол цаана байгаа суурь сэтгэлгээ юм. Нийгэм аливаа асуудал гарвал төр шийддэг юм байна гэсэн ойлголттой байна. Гэтэл төр том авлигын л машин байгаа байхгүй юу. Мөнгөжөөд ирвэл баталгаатай авлигын машин. Тэгэхээр төр нийгмийн асуудлуудыг шийдэхгүй. Харин ч энэ нэрийг барьж төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг удирдаж байгаа хүмүүс л өөртөө илүү ашиг олж, давуу байдал үүсгэнэ. Үүнийг болиулахын тулд сууриар нь өөрчлөх шаардлагатай байна. Төрөөр бүх асуудлаа шийдүүлдэг байсан коммунист сэтгэлгээг л өөрчлөх тухай асуудал юм шүү дээ.
Хоёрт, манай төрийн зардлыг 1992 оныг 2023 онтой харьцуулахад зарлага тал нь 1470 дахин нэмэгдсэн. Хувьчлаад үзвэл 140 мянган хувь. Монголд ийм хувиар өссөн компани, хувийн салбар байхгүй. Гэтэл төр ийм том болсон. Төр ийм том болоод мөнгө ороод ирэхээр бизнесүүд ч энд орж ирж улстөрд орох гээд байгаа юм. Мөнгө хаана байна бизнесмэн хүн тийшээ явна. Тэгэхээр тогтолцоог өөрчлөх нь хамгийн чухал. Тэгэхийн тулд энэ тогтоолыг өргөн барьж байгаа.
Тогтоолын бас нэг чухал заалт нь Монголын стратегийн ордууд дээр суурилаад гадна талд хувьцаа гаргачихсан байхаа компаниуд нийт хөрөнгийнхөө 10 хүртэлх хувийг монголын хөрөнгийн бирж дээр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, давхар хувьцаа гаргаад борлуулж байх ёстой ч түүнийгээ хийхгүй байгаа. Нэг л компани хийсэн байсан. Хөрөнгө оруулагчид манай хуулийг бас хэрэгжүүлэх ёстой. Үүгээр дамжаад манай Хөрөнгийн бирж хөгжиж, гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
-Тэгвэл одоо байгаа төрийн өмчийн том компаниудыг Хөрөнгийн бирж дээр гаргах уу. Энэ талаар зохицуулалт тусгасан уу?
-Амжилттай явж байгаа компаниудыг нь олон нийтийн компани болго, Хөрөнгийн бирж дээр гарга гэдэг заалт орсон. Дотоодын компаниудыг төрийн нэрээр хэдэн хүн идээд суух биш хувьцааг нь гаргаад иргэд хувьцааг нь худалдаж авч, үр шимийг нь хүртдэг байх ёстой.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Их хурал хэлэлцэж байна. Ч.Хүрэлбаатар сайд манай хуулийнхан гаднын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмдэж, гэрт нь хар тамхи нууж, хэрэгт холбогдуулж, хөөж гаргаж байна гэсэн. Үнэхээр ийм зүйл байна уу?
-Ийм  зүйл байгаа болоод л хариуцаж байгаа сайд нь тийм юм яриад орж ирж байна. Гадаадын хөрөнгө оруулалтад манай улсад үнэхээр багассан. Манай бодлого гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн хүлээхгүй байгаа учраас л хөрөнгөө аваад гарч байна. Манайх шиг Хөрөнгийн бирж хөгжөөгүй оронд бизнест хөрөнгө оруулалт хийнэ гэдэг шууд хөрөнгө оруулалт. Шууд хөрөнгө оруулалт оруулчихаад гаргана гэдэг тийм амар ажил биш. Нэгэнт хөрөнгө оруулаад бараа бүтээгдэхүүн, үйлдвэр тоног төхөөрөмж, байшин барилга болгочихоод түүнийгээ ачаад гаралтай биш. Тэгэхээр үүнийг эргээд хамтарч байгаа хүндээ зарна гэдэг маш их эрсдэл.
100 ам.долларын хөрөнгө оруулаад жилийн дараа 100 ам.доллароо аваад гарч байгаа бол тэр хүн шатаж байгаа. Тэгэхээр оруулж ирсэн мөнгөө аваад гарна гэхээр нэлээд хүнд байдалд орж байж л гарна гэсэн үг. Тэгэхгүй бол хэр барагтаа шууд хөрөнгө оруулалтыг аваад гарах тун хэцүү. Эдийн засаг, төгрөгийн ханшаа харахад л гадаадын хөрөнгө оруулалт манайд ямар хэмжээнд байгаа нь харагдана. Төгрөгийг тогтвортой байлгадаг зүйл бол гадаад худалдааны эерэг тэнцэл, гадаадын хөрөнгө оруулалт. Энэ хомсдоод ирэхээр иргэдийн амьдралд нөлөөлөөд эхэлж байна. Эндээс аваад үзэхээр манай гадаадын хөрөнгө оруулалтын орчин өмнөх шигээ гаднын хөрөнгө оруулалтыгтатаж чадахаа байсан.
-Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж байгаа энэ хууль дээрх алдааг засч чадах уу?
-Гаднын хөрөнгө оруулагчдыг татах тал дээр нэлээд чөлөөлж өгсөн өөрчлөлтүүд хийсэн байналээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид биднээс нягт харж байгаа. Гэтэл хуулийн хэлэлцүүлгээс харахад хөрөнгө оруулалтын орчныг сайжруулаад ч бидний сэтгэхүй хөрөнгө оруулалтыг хүлээж авахад бэлэн биш байгаа юм байна. Хардах сэжиглэх, элдвээр хэлээд, муулаад сууж байгааг хараад гаднын хөрөнгө оруулагч нар хараад болгоомжилно. Бидэнд нэг л ийм сөрөг хандлага байгаа юм байна гэдэг ойлголт авна. Тэгэхээр энэ хууль гараад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна.
-Ярилцсанд баярлалаа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn