Нийслэлийн агаар дахь хүхрийн давхар исэл хэвийн үзүүлэлтээс өндөр байна
Цахим орчинд иргэд нийслэлийн зарим байршилд хурц, үмхий үнэр үнэртэж, амьсаглах үед дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлсэн.
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг мэдээлдэг "agaar.mn" платформын мэдээллээс харахад 12.00 цагийн байдлаар нийслэлийн 18 байршилд агаарын чанарын индекс хэвийн хэмжээнээс өндөр, гурван байршилд хүхэрийн давхар исэл хэвийн үзүүлэлтээс өндөр байна.
Тухайлбал, агаарын чанарын индекс 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст орчимд 300 давсан буюу хамгийн муу үзүүлэлттэй. Нийслэлийн хэмжээнд байршуулсан агаарын чанарын мэдрэгч 19 төхөөрөмжийн мэдээллээс харахад зөвхөн Баянзүрх дүүргийн Ургах наран хороолол орчимд агаарын чанарын үзүүлэлт хэвийн хэмжээнд байгаа юм.
agaar.mn - 2024.01.18-ны өдрийн 12.00 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээлэл
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хотын зарим байршилд үнэртэж байгаа хурц, үмхий үнэр нь хүхрийн давхар ислээс ялгардаг үнэр байж болзошгүй аж. Тэгвэл "agaar.mn" платформын 12.00 цагийн мэдээллээр 1-р хороолол болон Баянхошуу орчимд агаар дахь хүхрийн давхар исэл(SO2)-ийн хэмжээ хэвийн үзүүлэлтээс өндөр байна. Түүнчлэн төхөөрөмжүүд агаарын чанар хамгийн муу үзүүлэлттэй байгаа Дамбадаржаа, МҮОНРТ-ын орчмын хүхэрийн давхар исэлийн хэмжээг өнөөдрийн байдлаар огт мэдээлээгүй байна.
Хүхрийн давхар исэл(SO2) нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлдэг. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг байна. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.