Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм

100

“Парис-2024” зуны олимп шувтарлаа. Монголчуудын хувьд ганц мөнгөн медальтай энэ удаагийн олимпийг дуусгаж байх шиг байна. Өөр медаль горьдох шаанс ч алга.

Уг нь манайх Парис руу 32 тамирчнаа илгээсэн. Тэд олимпийн есөн төрөлд хурд, хүчээ сорив. Гэвч жүдо бөхийн эмэгчтэйчүүдийн -48 кг-ын жинд авсан ганцхан мөнгөн медальтайгаа олимпоо өндөрлүүлэх нь ээ.
Дэлхийн хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон энэхүү спортын их наадамд зодоглож буй тамирчдаа харахад үнэхээр сэтгэл дундуур оргиод болж өгөхгүй юм. Үзэгчид, фанатууд бол дэмжиж байгаа тамирчнаа харж огшиж, омогшиж, оргилж буцалж, сэтгэлийн жаргал таашаал мэдрэхийг хүсдэг. Тамирчин хүн ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдөгчдөө буулгаж авч байгаа тэр торгон мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Харамсалтай нь манай тамирчид тэгж чадсангүй. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 30 жил ийм дүр зураг ажиглагдлаа. Энэ нь тухайн тамирчны карьерт муу урхагтай. Жишээлбэл, саяны олимпоос харж байхад манай тамирчид тоглолтдоо ер орж өгөхгүй байгаа нь хүн бүхний нүдэнд ил байсан. Шуулуухан хэлэхэд, яг тэмцээн эхлэнгүүт гөлийчихдөг. Анхаарал, төвлөрөл нь маш сул. Сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй. Бодол санаа нь өөр газар тэнэж байдаг гэлтэй. Ямар ч идэвх санаачилга, тэмцэл байхгүй. Дайчин биш харагдах юм. Өрсөлдөгчийнхөө өөдөөс дайралт хийхдээ уран ухаан, авхаалж самбаа гаргахдаа үнэхээр лазан, хойрго. Урсгалаараа гөлийж байгаад буугаад өгчихдөг. Үүний гол шалтгаан нь аваагүй шагналаа алдчихна гэсэн сэтгэл зүйн айдастай нь холбоотой юм шиг. Яагаав, улсаас олимп, дэлхийн аваргын медальт тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал өгдөг болсон доо. Олимпийн наадмын алтан медалийн эзэн дөрвөн сая, мөнгөн медальтан гурван сая, хүрэл медаль хүртсэн бол хоёр сая төгрөгийн урамшууллыг сар бүр авна. Харин дэлхийн аваргаас алтан медаль авбал хоёр сая, мөнгөн медаль бол нэг сая, хүрэл медальтанд 500 мянган төгрөгийн урамшуулал тус, тус олгох Ерөнхийлөгчийн зарлиг үйлчлээд арав гаруй жил болж байна.
Тухайн тамирчин ДАШТ-ээс алтан медаль хүртээд хоёр сая төгрөгийн урамшуулал авах эрхтэй байлаа гэж бодъё. Дараа нь олимпийн наадамд ялалт байгуулж алтан медаль хүртээд дөрвөн сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо гэхэд сар бүр нийтдээ зургаан сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Энэ мөнгийг насан туршдаа авах эрхтэй. Сард зургаан сая төгрөг гэхээр жилд 72 сая төгрөг тухайн тамирчинд ажил хийсэн, хийгээгүйгээс нь хамаарахгүйгээр дансанд нь автоматаар ороод байна. Арван жилд 720 сая төгрөгтэй болно. Хорин насандаа олимп, дэлхийн аварга болсон тамирчин 60 нас хүртлээ энэ урамшууллыг авлаа гэхэд бараг 30-аад тэрбум төгрөгтэй болсон байх нь ээ. Хэрэв олимпийн медаль хүртэх юм бол насан туршдаа ийм тэтгэмж авах боломжтой гэсэн сэтгэл зүй манай тамирчдыг алаад байгаа хэрэг. Аваагүй энэ шагналаа авсан мэт төсөөлж, тэрийгээ алдчих вий гэсэн түгшүүрт автан тэмцээний үеэр биеэ барьж, ерөөсөө хөдөлж чадахаа байсан нь худлаа биш. Бид ч юм үзээгүй ядуу хоосон улс гэдэг нь үнэн л дээ. Тэгсэн ч гэсэн аваагүй шагналаа алдчихна гэсэн айдастай хэдэн тамирчид маань ямар ч тэсрэлт, тэмцэл хийж чадалгүй ойчоод өгөх юм. Энэ бүхэн тамирчны бие бялдрын хэлэмж, сэтгэл зүйн байдлаас нь тод уншигддаг шүү.
Саяын олимпоос мөнгөн медаль авдаг жүдочин охины хувьд анхнаасаа тийм сул байсан уу гэвэл бас ч үгүй юм аа. Мөнгөн медаль автлаа ярих юм байхгүй сайхан тэмцэлдсэн. Монгол түмнээ ч огшоож чадсан. Гэтэл алтан медалийн төлөө барилдахдаа яг хуучцуул шигээ гөлөрчихөөд гараад ирсэн. Мөнгөн медальдаа ханачихсан аятай. Царай, үйл хөдлөл нь цаанаасаа л цадчихжээ гэмээр. Алт, мөнгө хоёрын ялгаа ч бараг байхгүй дээ гэсэн бодолтой харагдахаар. Дээрээс нь тамирчдын тархийг ганц барьдаг хүн бол энэ хэдэн багш, дасгалжуулагчид. Тэд “Ялсан ч, ялагдсан ч медаль дээрээ буулаа. Одоо болно. Насан туршийнхаа хоолтой болчихлоо” гээд хэлбэл өнөөх тамирчин мэдээж ханачихна шүү дээ. Тэгээд ч ийм сэтгэл зүйтэй дэвжээн дээр гарсан тамирчин яаж ч хичээгээд уран барилдаан гаргаж чадах уу. Гөлөрч байгаад ойчоод өгснийг бодохоор харамсмаар. Хэрэв аваргын алтан медалийг зүүсэн Японы тамирчинтай шөвгийн дөрөвт таарсан Шведийн 18 настай охинтой таарсан бол ёстой арчуулах байсан биз. Цунадо Нацуми энэ швед тамирчинтай үзэхдээ зүгээр л мах болчихсон байсан. Анхныхаа олимпоос хүрэл медаль хүртсэн тэр швед охиныг манай тамирчин яагаад ч барахааргүй тийм тэмцэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй юм билээ. Түүний дэргэд өөрийн тамирчныхаа барилдааныг харахад үнэхээр урам хугармаар. Тэмцэлгүй, дайчин биш.
Ер нь тамирчин хүн тэмцээндээ орох тусмаа урам авч, цэнэглэгддэг биш билүү. Гэвч энэ бүх шинж чанарыг тамирчдаасаа олж харахгүй болохоор гутармаар санагдах юм. Тамирчдын амжилт, идэвх санаачилгыг хойш татахад хамгийн том нөлөөлөгч нь сар бүр өгдөг мөнгөн урамшуулал. Мэдээж тамирчныхаа амжилтыг үнэлэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ насан туршид өгдөг нь үнэхээр том тэнэглэл. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Амжилт гаргасан үед нь нэг удаа шагнадаг байх хэрэгтэй. Алтан медаль авбал ахиухан. Мөнгө авбал бага. Хүрэл медаль хүртсэн бол амсуулах төдий. Шагналт байранд орвол урамшуулал тооцдоггүй байхаар ч юм уу. Тэгэхгүй болохоор энэ насан туршийн урамшуулал чинь тамирчны амжилтад асар хортой байна.
Насан туршдаа авах тэтгэмжиндээ сэтгэл ханаад спортын карьераа орхиж, нам даган даргын суудалд тухалсан олимпийн аваргуудын жишээ ойрхных. Бусад орны тамирчид гурав, дөрөв дэхээ олимпдоо оролцоод явж байхад манайхан яаж байна. Ажил хийхгүйгээр улсаас бэлэн тэтгэмж аваад сууж байгаа хүмүүст спортын ноён оргилд гарах нь тийм ч сонин биш. Уг тамирчин хүний хувьд олимп, дэлхийгээс медаль авна гэдэг гайхалтай амжилт. Дэлхийн долоон тэрбум хүнээс онцгойрч, олимпийн тэнгэрт улсынхаа тугийг мандуулаад ирсэн тамирчнаа урамшуулах нь буруу биш.
Гэхдээ үнэлэмж нь зөв байх ёстой. Ганцхан удаа оцойтол нь шагнадаг байя. Тэгэхгүй болохоор Монголын тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад хөдлөхөө байжээ. Хуучин арай ч ийм байгаагүй юм шүү.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn