Би ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ, Урагшаа, Тайвань!

141

Парисын зуны олимпын наадмын бадминтон буюу бидний нэрлэж заншсанаар агаарын теннисний тэмцээний үеэр нэгэн оюутан бүсгүй ордонд “Урагшаа, Тайвань!” гэсэн бичигтэй баннер барьж зогсоод хураалгажээ.
Тэр бүсгүйг Анжелина Ян гэдэг. Францад сурч буй оюутан юм байна. Тайванийн оюутан учраас элэг нэгтнүүдээ дэмжихээр ордонд очжээ. Хятадын багтай тоглож байсан юм байна. Гэтэл гэнэт нэгэн эр түүний өмнө ирээд, баннерийг нь булаан авчээ.
“Ордны хамгаалалтын болов уу гэмээр хүн станцаар нэг хүнтэй л яриад байсан. Үүний дараахан миний өмнө нэгэн хүн хүрээд ирсэн. Тэр хятад хүн байсан болов уу. Эхлээд баннерийг маань халхлах гэж үзсэн. Дараа нь булаан авсан. Гайхах, бухимдах зэрэгцээд дараа нь их гунигтай санагдлаа. Би ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ. Яагаад бидэнтэй ингэж харилцаад байгаа юм бэ?” хэмээн Анжелина Ян өгүүлжээ.
Тайванийн Гадаад хэргийн яам энэ явдлыг Олимпын үнэт зүйлийг үл ойшоосон хүчирхийлэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс ч Францын төр засгаас хэрэг явдлыг хянаж шалгахыг шаарджээ. 
Харин Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ баннерийн асуудал дээр маш тодорхой байр суурьтай гэдгээ мэдэгдсэн байна. Тайванийн баг тамирчдыг Хятадын Тайвань гэсэн нэтэйгээр Олимпын наадамд оролцохыг шаардаад 10 гаруй жил болж байгаа. 
Парисын зуны олимпын наадамд гурван улсын баг тамирчдыг улсынхаа төрийн далбаатай оролцохыг хориглосны нэг нь Тайвань юм. Нөгөө хоёр нь ОХУ, Белорусь. АНУ-ын зарим улстөрч Тайванийн энэ асуудлыг сонсоод Их Британийн нутаг дэвсгэрт тооцогддог ч Бермудын арлууд, АНУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог ч Пуэрто-Рико өөрийн төрийн далбаатай олимпын наадамд оролцож буйг онцлон тэмдэглэжээ. 
Тийм атал яагаад Хятадын нутаг дэвсгэрт тооцогддог байж болох ч гэлээ Тайвань өөрийн далбаан дор оролцож болдоггүйд гайхаж буйгаа илэрхийлсэн байна.
“Улс төрийн янз бүрийн нөхцөлөөс шалтгаалан бидэнд тайваньчууд гэж хэлэх боломж гардаггүй. Тиймээс бид хүн төрөлхтний эв нэгдлийн баяр олимпын наадам дээр “Бид тайваньчууд” гэж хэлэхийг хүсч байна” хэмээн 23 настай оюутан Нэнси Тунг өгүүлсэн байна.
“Би Тайвань орондоо хайртай. Тайвань ч гэнэ үү, Хятадын Тайвань ч гэнэ үү адилхан л Тайвань шүү дээ” хэмээн хөгжөөн дэмжигчдийн нэг Айви Шие хэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn