New York Times: Монгол дахь айлчлал нь Путиний хувьд ялалт
АНУ-ын “The New York Times” ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын тухай мэдээлснээс орчуулж хүргэе.
ОХУ-ын Ерөнхийлөгч газрын тосны хувьд Москвагаас ихээхэн хамааралтай улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Владимир В. Путин даваа гарагийн /2024.09.02/ орой Монгол Улсад газардсан. Энэ нь түүнийг Олон улсын эрүүгийн шүүх (ICC) баривчлах тушаал гаргаснаас хойш тус шүүхийн гишүүн оронд айлчилж буй анхны тохиолдол юм.
Кремль үүнд санаа зовохгүй байгаа гэдгээ мэдэгдсэн. Баасан гарагт /2024.09.02/ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий С. Песков “Ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй. Бид Монгол дахь нөхөдтэйгөө энэ талаар их хэлэлцсэн” гэсэн билээ.
“ICC”-ийн баривчлах тушаалыг үл харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Путин айлчилж байгаа нь Москва одоо хүртэл Монголд нөлөөлөх хүч нь их гэдгийг харууллаа.Берлин дэх Карнегийн Орос-Евразийн төвийн захирал Александр Габуев энэ айлчлалыг “Путиний хувьд ялалт” гэж тодорхойлов. Тэрбээр энэхүү айлчлал нь Монгол Улс Ромын дүрэмд гарын үсэг зурж өгсөн амлалтаас Москватай харилцаагаа үргэлжлүүлэхийг илүүд үзэж байгааг харууллаа гэсэн юм. Габуев нэмж хэлэхдээ ОХУ-ын дайснууд Путин бусдаас тусгаарлагдсан, “ICC”-ээс баривчлах тушаалтай хүн учир баривчлагдана гэх бодлоо дахин авч үзэж хэрэгтэй хэмээжээ.
БНХАУ, ОХУ-ын дунд оршдог Монгол нь хоёр хүчирхэг хөрштэйгөө улс төрийн тэнцвэр барих ёстой ардчилсан улс. Ийм учраас Украины дайны талаар Монгол төвийг сахисан байр суурь илэрхийлдэг.
Гэхдээ Монгол нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон зэрэг өндөр албан тушаалтнуудыг хүлээн авч геополитикийн дарамтыг бууруулахын тулд баруун руу ч хандаж байгаа.
Монгол Улс ОХУ-тай 3,300 гаруй км хиллэдэг, түлшнийхээ 95 гаруй хувийг хойд хөршөөсөө авдаг. Мөн Бээжингээс ихээхэн нөлөөлдөг тус улс нь Москватай тогтвортой харилцаа хадгалахыг эрмэлздэг билээ.
Геополитикийн шинжээч, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажилладаг байсан Б.Мөнхнаран “Монголын төр Москватай баталгаатай, таамаглаж болохуйц харилцаа тогтоох нь илүү хялбар гэж үзэж байна” гэв. Тэрбээр “Улаанбаатар Москватай таамаглах боломжтой харилцаагаа үргэлжлүүлж, үүссэн асуудлыг дараа нь зохицуулах замыг сонгож байна. Эцсийн эцэст газарзүйг өөрчилж чадахгүй” хэмээсэн юм.
“ICC”-ийн гишүүн улс Ромын дүрмийг үл харгалзаж байгаа нь Путиний айлчлалд төдийлөн ноцтой эсэргүүцэл гарахгүй гэдгийг харууллаа.
Эх сурвалж: New York Times