Леонардо Ди Каприо: Би өөрийгөө 32-той гэж боддог

"Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо Esquire сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүнээс найруулагч Пол Томас Андерсон ярилцлага авч, нийтэлсэн байна.
Өнгөрсөн намар 50 насны босго давсан жүжигчин эрээс насны эрхээр харилцаа хандлага нь хэрхэн өөрчлөгдөж буйг асуухад илүү шулуухан байж, дэмий юманд цаг үрэхээ больсон гэжээ.

“Илүү шударга, илүү шулуухан харилцаж, хайран цагийг дэмий үрмээргүй санагддаг болсон. Ойрын хэдэн арван жилд байдал яаж өөрчлөгдөж, өрнөхийг би таамаглах төдий л мэднэ шүү дээ. Жишээ нь би ээжийгээ харахаар ерөөсөө цагийг дэмий үрэхээ больчихсон байдаг юм. Байгаагаар л байгаа нь анзаарагддаг.
Би ч гэсэн илүү нээлттэй болж, хэрвээ үзэл бодол нийлэхгүй бол хувийн ч бай, албаны ч бай харилцаанаас шууд татгалзах болсон. Тийм төвөгтэй харилцаанд үрэх цаг надад байхгүй. Нээлттэй, шударга байна гэдэг бол нэг талдаа хариуцлагатай байхыг хэлнэ. Миний амьдралын ихэнх хугацаа урд биш ард үлдсэн байна” гэжээ.

Найруулагч Андерсон “Энэ асуултад аль болох түргэн хариулаарай. Өөрийнхөө насыг мэддэггүй байлаа гэж бодвол өнөөдөр хэдтэй гэж хэлэх вэ?” гэж асуухад Ди Каприо “Би өөрийгөө 32 настай гэж боддог” хэмээн өгүүлсэн байна. Түүний энэ хэлсэн нас найзалдаг бүсгүйчүүд нь 25 наснаас дээш давдаггүй гэх шүүмжлэлтэй дүйж байгаа биз. Хэдэн жилийн өмнө л гэхэд таван жилийн турш хамт байсан Камилла Морронегоос харилцаагаа тасалсан. Тэгэхэд шуугиж л байлаа. Учир нь Камилла Морроне яг 25 нас хүрсний дараа Ди Каприо харилцаагаа тасалчихсан юм. Гэхдээ одоо 27 настай Витториа Череттитэй хамт байгаа.

Нэг киноноос нөгөө киноны хооронд яаж амарч, тайвширдгийг нь лавлахад “Хоёр киноны дунд би хангалттай амардаг болохоор гайгүй. Киноны зураг авалтын дараагаар бодит амьдрал руугаа аажмаар ордог гэх юмуу даа. Зураг авалтын үеэр бол бодит амьдрал зогсчихдог. Бүр хоёрдугаар асуудал болдог. Олон кинонд дараалж тоглодог бол санаа сэтгэл хэцүүдэх л байх. Яаж энгийн амьдралдаа эргэж орно оо гэж санаа зовох ч юмуу. Гэвч би энэ тал дээр азтай хүн” гэжээ.
.jpg)
Леонардо Ди Каприо 1991 оноос кинонд тоглосон. Харин 2015 онд The Revenant-ийн гол дүрээрээ “Оскар” гардсан билээ.
“Тоглосон кинонуудаа би бараг үздэггүй. Нэг л киногоо давтан үздэг нь The Aviator. Яагаад гэвэл энэ кино миний хувьд онцгой юм. Майкл Маннтай хамтран ажиллах гэсэн ч зөрчил үүсээд болоогүй. Тэгэхээр нь Марти /Скорсезе/-тй хамтарсан юм. Энэ кинонд би зөвхөн жүжигчний үүрэг гүйцэтгээд зогсохгүй найруулагчтай хамтран ажиллаж, хамтран бүтээсэн. Хариуцлага ч их өөр байлаа. Тиймээс энэ киногоороо үргэлж бахархдаг. Кино урлагийн салбарт “насанд хүрэхэд” минь гол түлхүүр болсон кино. Хамтран бүтээнэ гэж юу байдгийг тэндээс би анх мэдэрсэн” хэмээн Ди Каприо өгүүлжээ.


.jpg)
https://news.zindaa.mn/54wx