Оросын эсрэг 19 дэх ХОРИГ

103

Европын холбоо ОХУ-д төлөвлөсөн хоригоо нэг жилээр урагшлуулах хүсэлтэй байна. Энэ нь ОХУ-ын эдийн засгийг сулруулах зорилготойгоос гадна АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой юм. Шинэ хориг нь 2022 онд ОХУ Украинд түрэмгийлж эхэлснээс хойших 19 дэх удаагийнх бөгөөд компани, банк болон худалдаачдад нөлөөлнө. Тухайлбал, ОХУ-ыг хориг арга хэмжээгээс мултрахад туслалцаа үзүүлж буй Хятад, Энэтхэг зэрэг орныг дахин ийм төрлийн үйлдэл хийхгүй байхад анхаарах юм.
Хэрэв Европын холбооны 27 гишүүн орон шинэ хоригийг хугацаанаас нь өмнө хэрэгжүүлэхийг зөвшөөрвөл 2027 оны нэгдүгээр сар гэхэд ОХУ-аас тус холбоо шингэрүүлсэн байгалийн хий буюу "LNG" худалдан авалтаа зогсоох юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү арга хэмжээн сайшааж, ОХУ-д үзүүлэх дарамтыг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа мэдэгджээ. Европын холбооны дарга Урсула фон дер Ляйен хэлэхдээ, ОХУ-ын эдийн засаг нь түлшний борлуулалтаас ихээхэн хамааралтай тул худалдан авалтын зогсоох нь Москвагийн дайныг санхүүжүүлэх чадварыг бууруулах болно. АНУ-ын хувьд Европын холбоог ОХУ-аас байгалийн хий худалдан авалтаа зогсоохыг шаардаж ирсэн. Үүний хариуд холбооны зүгээс АНУ-д ОХУ-ын эсрэг хүчтэй арга хэмжээ авахыг уриалж байв.
Трамп шууд арга хэмжээ аваагүй байсан бөгөөд “Хэрэв холбоотнууд Оросын нефть худалдаж авахаа больж, Хятадад татвар ногдуулбал би илүү хатуу арга хэмжээ авахад бэлэн” гэж мэдэгдэж байсан.
ОХУ-ЫН НЕФТИЙН ИМПОРТЫН БУУРАЛТ

Европын холбоо ОХУ-ын нефтийн импортыг бараг бүрэн зогсоосон. 2021 онд холбооны нийт хэрэглээний 29 хувийг ОХУ хангаж байсан бол 2025 оны дунд гэхэд энэ тоо ердөө хоёр хувь болж буурчээ. Зөвхөн Унгар, Словак улс л одоо хүртэл ОХУ-ын нефтийг авч байгаа бөгөөд тус хоёр улс хоёулаа Москва болон Трамптай ойр харилцаатай гэж тодорхойлогддог.Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас хэлэхдээ, "Оросын шингэрүүлсэн байгалийн хийн импортыг 2026 оны эцэс гэхэд бүрэн зогсооно. Энэ нь өмнөхөөсөө нэг жилээр урагшилсан. Москва дайнаа үргэлжлүүлж чадна гэж бодож байгаа. Харин бид үүний хариуд ОХУ-г үнэтэй төлөөс төлүүлэх болно" гэж онцлон тэмдэглэжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский холбооны энэхүү үйл ажиллагааг эв нэгдлээ харуулж буй үйлдэл гэж тодорхойлж, талархал илэрхийлж, бусад холбоотон орнуудыг мөн адил алхам хийхийг уриалсан байна. Одоо Европын холбоо ОХУ-ын эрчим хүчний хамаарлаа бууруулах гэж оролдож байгаа. Гэсэн хэдий ч ОХУ 2024 онд байгалийн хийн хэрэглээний 19 хувийг нь хангажээ. Дайны өмнө энэ нь 45 хувь байв.

ЭНЭТХЭГ БА ХЯТАД

Европын холбоо ОХУ-ын эсрэг Украинд халдсанаас нь хойш 18 удаагийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч Унгар, Словак зэрэг зарим улс эсэргүүцсээр ирсэн. Шинэ хоригийн хүрээнд Европын холбооны тэргүүн Урсула фон дер Ляйен хэлэхдээ, ОХУ-ын нефтийг хууль бусаар худалдан авч, дайнд нь тусалж буй хувь хүн, компаниудыг онилох болно гэжээ. Үүнд Хятад зэрэг орны газрын тос боловсруулах үйлдвэр, пүүс, нефть-химийн компаниуд орно.
Европын холбоо мөн ОХУ-ын крипто платформ болон АНУ-ын картын сүлжээнээс зайлсхийхийн тулд байгуулсан ОХУ-ын MIR төлбөрийн системийг онилохоор төлөвлөж байна.
Шинэ хоригт ОХУ-ын нефть нууцаар тээвэрлэхэд ашиглагддаг хуучин танкерын “сүүдрийн флот”-д хамаарах 118 хөлөг онгоц, цэргийн үйлдвэрлэлийг дэмжиж буй 45 компанийг хар жагсаалтад оруулах санал багтжээ. Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Калласын хэлснээр, Орос, Хятад, Энэтхэгийн компаниуд экспортын шинэ хориг, хатуу хяналтад өртөх юм.
Хэдийгээр эдгээр алхам нь Трамптай дундын шийдэл хайж буй мэт харагдаж байгаа ч, тэр хүссэн шигээ Хятад, Энэтхэгийн эсрэг 100 хувь хүртэл тариф тогтоох түвшинд хүрсэнгүй. Учир нь Европын холбоо нийтлэгээр татвар тавихад дургүй. Одоогоор тус холбоо Энэтхэгтэй худалдааны хэлэлцээр хийж байгаа бөгөөд Хятадтай өргөн хүрээний худалдааны дайн хийх сонирхолгүй байна. Зарим дипломатуудын үзэж буйгаа, АНУ Европоос илүү их арга хэмжээ шаардаж байгаа нь тус улсын худалдааны ашиг сонирхолд нийцэж байгаа бололтой.
Гэхдээ Трамп өөрөө Оросын эсрэг хатуу байр суурь баримтлахдаа эргэлзсэн хэвээр байна.  Өдгөө дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч болсон АНУ Европт шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч болж, импортын 45 орчим хувийг бүрдүүлэх болжээ. Ихэнх шингэрүүлсэн байгалийн хий нь Франц, Испани, Итали, Нидерланд, Бельгийн терминалаар дамжин орж ирдэг ч тэдгээрийн тодорхой хэсэг нь бусад улс руу дамжин өнгөрдөг.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn