Давжаа “чоно”

6

Америкийн баруун өмнөд хэсэг, тэр дундаа Сонорын цөл болон Мексикийн цөлөрхөг бүсэд л тархсан алгын чинээ биетэй нэгэн төрлийн мэрэгчийг царцаа хулгана гэдэг. Бидний нэрлэдгээр гэрийн хулганын холын хамаатан эл амьтан дунджаар 12 см урт, ердөө 20-50 грамм жинтэй. Гадаад төрх нь анхаарал татах гойд зүйлгүй. Харин зан авирын хувьд бусад хулганаас ялгаатай, нэлээд түрэмгий “золиг” гэнэ. Могой, өөрийн төрлийн мэрэгчийг ч түвэггүй барьчихдаг махчин бөгөөд ан хийхдээ муур шиг гэтдэг нь сонихон. Царцаа хулгана шөнийн амьдралтай бөгөөд холтост хилэнцэт хорхой ангуучлах нь элбэг. Ингэхдээ олзноос нь ялгарах янз бүрийн хор түүнд үйлчилдэггүй буюу онцгой дархлаатай. Хуримын үеэс бусад цагт ганцаараа “гоонь” амьдардаг эл хулганын талаар судлаачид “Тун түрэмгий, олзоо мөргөж, дараа нь толгой руу нь асаж намнадаг. Хилэнцэт хорхойн сүүлийг эхлээд хазаж, гол зэвсгээс нь салгадаг бол үхлийн аюултай үет хөлтийн зуултаас хурдан хөдөлгөөнийхөө ачаар бултаад, дуулга шиг бүрхүүлийг нь хазаж гэмтээснээр ялалт байгуулдаг. Цөлийн бүсэд зэрэгцэн оршдог царцаа хулгана, холтос хилэнцэт хорхой хоёр нягт холбоотой. Учир нь хилэнцэтийн хоронд дасал болсоор царцаа хулгана хувьсан өөрчлөгдсөн бөгөөд хорт бодисыг гадагшлуулдаг, өвдөлтийг үл дамжуулдаг онцлогтой. Ийм хувьслыг нь лавшруулан судалж өвдөлт намдаах эм бүтээхээр олон улсын эрдэмтэд сүүлийн таван жилийн турш ажиллаж байна” гэж тэмдэглэжээ.
Эл мэрэгчийн гурван зүйл бүртгэгдсэн бөгөөд тэд зургаан янзын дуу хоолойгоор өөрийгөө илэрхийлдэг. Гөлчгий үедээ хоёр янзаар дуугардаг бол насанд хүрсэн хойноо энэ нь өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, дуу хоолойн өнгө нь төрөл зүйл, хүйс, биеийн хэмжээ зэргээс шалтгаалдаг. Жишээ нь, бие томтой байх хэрээр дуу хоолой нь намдуу. Харин аливаа аюул, амьтдын дайралтыг мэдрэх үедээ хурдан давтамжтайгаар чанга хашхирах нь хуцах чимээтэй төстэй гэнэ. 2017 онд эрдэмтэд царцаа хулгана бусад мэрэгч шиг шүгэлдэхээс гадна агаарын урсгалыг ашиглан чанга хашхирдгийг тогтоожээ. Ийнхүү “орилох” нь чоно улих мэт сонсогддог учраас “ульдаг” хулгана хэмээдэг аж. Цогнойн суугаад толгойгоо өргөж, амаа том ангайж хэдэн секундийн турш чанга “улих” дуудлагыг ихэвчлэн эрэгчингүүд хийнэ. Эл дуу чимээ нь 9-14 герцийн давтамжтай буюу алгын чинээ биетэй нь харьцуулахад “ахадсан ажил”. Тодруулбал, хулганын “улиан” 100 метрийн алсаас сонсогддог болохыг эрдэмтэд тогтоожээ. “Ингэж хашхирдаг нь яг ямар учиртайг судлаачид нарийн тогтоогоогүй, магадгүй нутаг дэвсгэрээ мэдрүүлэхээр үе үе өөрийгөө ийнхүү тунхагладаг байж мэдэх юм. Эсвэл ан хийхээсээ өмнө “хийморио” сэргээдэг байхыг үгүйсгэхгүй” гэжээ.
Ташрамд өгүүлэхэд, хулганатай холбоотой өөр нэгэн мэдээ байна. Энэ удаа буйд газрын бус, харин хотын саарал “иргэд”-ийн талаарх судалгаа юм. Хот, томоохон суурин газрын хархнуудын “хэл ярианы” хөгжилд хувьсал гарч эхэлжээ. Тодруулбал, Нью-Йорк хотын хархнууд өөр өөрийн гэсэн нутгийн аялгаар харилцах болсныг эрдэмтэд тогтоов. Тэгвэл Норвегийн “хотынхон” хэт авиан дохио ашиглан мэдээлэл дамжуулдаг байна. Тухайлбал, бусад овог, бүлийнхэнд хоол хүнс байгаа, эсэхийг өөр хоорондоо “ховлохдоо” ийм арга хэрэглэдэг. Хархнууд бүлэг, бүлээр амьдардаг нийгмийн зохион байгуулалттай мэрэгч. Тэдгээр амьтан хотын “ширэнгэойд” амьд үлдэхэд нь бие биедээ тусалдаг. Тэгвэл харилцаанд нь ийнхүү өөрчлөлт гарч эхэлсэн нь хотын хэт их чимээ шуугиан, цахилгаан гэрэлтүүлэг, орчны саад тотгор, түвэгтэй байдалд дасан зохицох хувьсал гэдгийг судлаачид мэдээлэв. Цаашилбал, хархнуудын генийн бүтэц ч хотын орчны нөлөөнд өөрчлөгдөж байгаа гэнэ. “Энэхүү нээлтийн үр дүнд хотын хархнуудын нийгмийн ур чадварын талаарх ойлголтыг нэг түвшин ахиулсны зэрэгцээ хүмүүстэй “тулж ажиллах” чадварыг нь харууллаа” гэж тодотгожээ.
Хотын хулганууд “хэл яриандаа анхаарч” байгаа эл мэдээтэй уялдуулан ер нь амьтдын хэлийг хүмүүс ойлгоход эрдэмтэн судлаачдын нөр хөдөлмөр хэрхэн гүүр болдог тухай сонирхолтой мэдээллээс товчлон хүргэе.
Аливаа амьтдын харилцааны талаар олон улсын түвшинд төрөл бүрийн судалгаа хэдэн арваныг дамнан тасралтгүй үргэлжилж байдгийг энгийн хүмүүс тэр бүр мэдэхгүй. Судлаачид өөрийн бүтээл, нээлтийн талаар олон нийтэд мэдээлснээр бид “хэн” хэрхэн ярилцдаг тухай ойлголттой болдог нь тун талархууштай. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр олон улсын эрдэмтэд амьтдын хэлний судалгааны гурван том бүтээлээ зэрэг шахам хэвлүүлсэн нь энэ салбарын хувьд бөмбөг тэсэлсэн онцгой үйл явдал болов.
ДАЛАЙН ГАХАЙН ТОЛЬ БИЧИГ
Америкийн Массачусетс хотын “Вудс-Хоул” далай судлалын хүрээлэнгийн биологичдын “Дельфиний толь бичиг” бүтээл нь онгон байгаль дахь далайн гахайн популяцийн хамгийн урт хугацааны ажлын үр дүн. 1970 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл буюу хагас зуун жил давсан хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Sarasota dolphin research program” хөтөлбөрийн хүрээнд Сарасота булангийн далайн гахай болон халимнуудын ч өдөр тутмын амьдрал, тэдэнд тулгардаг аюул, асуудлуудыг судалж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос усан доор тусгай микрофон ашиглан далайн гахайнууд хэрхэн шүгэлдэж харилцдагийг бүртгэлжүүлж эхэлжээ. Үр дүнд нь 170 орчим далайн гахайн зургаан үе дамжсан мэдээллийн багц бий болгосон. Эл амьтад тогтсон 22 “үг”-ээр харилцдаг. Далайн гахайнууд хүнтэй адил нэгэндээ нэр оноодог нь эрт батлагдсан. Тэгвэл нэр болгоныг “дагалдах” өвөрмөц шүгэлдэлт байдгийг энэ удаа тогтоосон аж. Энэ нь ойр дотнынхноо дуудах бас нэг өвөрмөц таних тэмдэг гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, заан, Бразилийн сармагчингууд ч нэгнээ нэрлэдэг болохыг өнгөрсөн онд тогтоосон байдаг.
ТОЛГОЙ ХӨЛТҮҮД Ч ЯРЬДАГ
Хэл яриаг заавал дуу гаргаснаар нь тодорхойлохгүй. Дохио зангаа ч ярианы нэг хэлбэр. Наймаалж, арваалж шиг толгой хөлтүүд дохионы хэлтэй болохыг илрүүлжээ. “Далайн хамелеон” хэмээдэг сепийдүүд орчинтойгоо ижлээр өнгөө хувиргах, эмэгчнээ татахын тулд тахь шиг судалтай болж хувирах нь энгийн л үзэгдэл. Тэгвэл тэдгээр нялцгай биет тэмтрүүлээ ашиглан ярьдаг болохыг Парисын дунд сургуулийн холбооны судлаач багш нарын багийнхан илрүүлсэн талаараа хэвлүүлсэн байна. “Нялцгай биетүүд бие бие рүүгээ тэмтрүүлээ илэрхий, утга учиртайгаар даллаж, үүнийгээ тодорхой давтамжтай хийдэг. Дээш, хажуу тийш, өнхрөх, титэм гэсэн дөрвөн дохио зангааг маш тодорхой харуулдаг. Жишээлбэл, “дээшээ” гэхдээ хос тэмтрүүлээ гозойлгоод үлдсэн хэдийг нь хооронд нь мушгиж доошлуулдаг” гэж судлаачид тэмдэглэжээ.
Тэд ч, бид ч “дайралтад” өртөж байна
Нэн ховорт тооцогддог, голын урсгал усанд амьдардаг далайн гахайнуудын гэдэснээс их хэмжээний бичил хуванцрын тоосонцор илрүүлсэн нь эл амьтан мөхөхөд дахин нэг алхам ойртлоо гэдгийг олон улсын судлаачид сануулсан байна. Энэтхэгийн хэмээх тодотголтой эл төрлийн загас бол дэлхийн цэнгэг усны хамгийн ховор зүйлийн нэг. Пакистан болон Энэтхэгийн Инд зэрэг цөөхөн гол, мөрний тодорхой хэсэгт нутагшсан, IUCN буюу Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан ном”-д нэн ховордсон хэмээх жагсаалтад данстай, голын далайн гахайнууд булингартай усанд дасан зохицох урт удаан хугацааны явцад бараг хараагүй болсон бөгөөд нэгэн цагт тоо толгой нь хангалттай байсан ч өдгөө хумигдмал хүрээтэй, тусгаарлагдсан бүлгүүд болон амьдарч байна. Амьдрах орчин нь сүүлийн жилүүдэд улам хумигдахын зэрэгцээ өөр нэгэн аюул тулгарсан нь бичил хуванцрын бохирдол.
Инд бол манай гаргийн хамгийн бохирдолтой голуудын нэг бөгөөд үйлдвэр, ахуйн хог хаягдал, талбайн химийн бодис гэхчлэн хамаг муухай бүхнийг “хаман авч” далай руу цутгадаг. Дэлхийн тэнгис, далайн хуванцар хог хаягдлыг үүсгэдэг хоёр дахь том голоор “цоллогдох” болоод удаж буй. Ийм усанд амьдардаг загаснуудын эд, эс бүрт хуванцар шингэсэн нь мэдээж. “PLOS One” сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт нийтэлсэн шинэ судалгаанд дурдсанаар 2019-2022 онд эрэг дээр шидэгдсэн, үхсэн далайн гахайнуудаас түүвэрлэн тавд нь задлан шинжилгээ хийжээ. “Цочирдом хариу гарсан. Амьтан тус бүрийн ходоодноос 184-429 микропластик тоосонцор илрүүлсэн нь дээд “амжилт” юм. Ийм өндөр агууламж өмнө нь далайн гахай, халимны аль алинд нь бүртгэгдэж байгаагүй. Хуванцрынх нь найрлагад хүмүүсийн хамгийн сайн мэдэх полиэтилен терефталат (лонх, сав баглаа боодолд өргөн ашигладаг), полиэфир утас, түүнчлэн PVC, полиуретан болон бусад полимерийн тоосонцор байна. Аюул зөвхөн эл төрөл, зүйлээр хязгаарлагдахгүй. Шинжилгээгээр тэдгээр амьтны хооллодог загас, ургамлуудад ч бичил хуванцрын хэсгүүд байгааг тогтоосон. Тэгэхээр устах эрсдэл амьтад төдийгүй хүмүүст ч хамаатай” гэж судлаачид тодотгожээ.
Хамгийн эрэлттэй “ажилчин”
Наймаалж найман гартай. Гар тус бүр нь хэдэн арван тэмтрүүлтэй. Гэхдээ гар зөвхөн өөрийн үүргийг гүйцэтгэхгүй, олон мэдрэхүйг нь хариуцдаг. Үнэндээ бол хөл, гар шиг харагдах сарвайж арвайсан тэр хэсэг нь толгой. Бас гар нь. Ер нь наймаалж цефалопод буюу толгой хөлтийн бүлэгт хамаардаг нялцгай биет. Толгой, хөл гэсэн хоёр талт тэгш хэмтэй. Толгой шиг харагдах бөөрөнхий хэсэг бол хөл нь. Тэгвэл наймаалж гар тус бүрээрээ өөр ажлыг нэгэн зэрэг хийх чадвартай болохыг шинэ судалгаагаараа тогтоосон талаар АНУ-ын Флорида дахь Атлантын их сургууль болон Чарльз Смитийн байгалийн шинжлэх ухааны коллежийн эрдэмтэд мэдээлэв. Хүн ийм чадвартай бол орчин цагт хамгийн эрэлттэй, “тэнгэрийн“ үнэтэй ажилчин байх нь ойлгомжтой.
Хүн төрөлхтний дийлэнх нь бичих зэргээр аливааг хийхдээ баруун гараа ашигладаг. “Зүүн гартай” хүмүүсээс гадна хослуулан аль ч талаараа түвэггүй бичиж, зурдагнь ч бий. Тэгвэл наймаалж гарнуудаа зэрэг хөдөлгөн хамгаалах, ан болон эрэл хайгуул хийх гэхчлэн найман өөр зүйлд зориулах чадвартай аж. Ийм чадвартайг нь тогтоосноор эл амьтныг илүү судалж мэдэхийн зэрэгцээ шинэ технологи боловсруулах, робот бүтээх зэрэгт ашиглах боломж нээгдэж буй нь том олз гэдгийг судлаачид онцолжээ. “Scientific reports” сэтгүүлд нийтэлснээр наймаалжны гарнууд дөрвөн бүлэг булчингаас тогтдог бөгөөд төв мэдрэлийнхээ эргэн тойронд байрлах маш нарийн бүтэцтэй систем юм. Эрдэмтэд олон жилийн хугацаанд Атлантын далай, Карибын тэнгист хийсэн бичлэгүүдэд дүн шинжилгээ хийсэн гэнэ. Наймаалжнуудыг ажиглахад ердөө 25 минутын дүрс бичлэгээс 400-гаад хөдөлгөөн илрүүлжээ. Ингэхдээ урд хэсгийн дөрвөн гарыг түлхүү буюу хоёр дахин их ашигладгийг мэдэв.
Ер нь бүх төрөл, зүйлийн наймаалж бусад амьтнаас маш их ялгаатай учраас эрдэмтдийн анхаарлыг татдаг. Тиймээс энэ талын судалгааг дэлхийн хэмжээнд өргөн явуулдаг байна. Ташрамд өгүүлэхэд, 2020 онд наймаалжны тэмтрүүлнүүд идэж буй зүйлийнхээ химийн найрлагыг мэдэрдгийг баталсан талаар Харвардын эрдэмтдийн “Cell” сэтгүүлд нийтэлсэн. Эл амьтан гайхалтай оюуны чадвартай нь эрт батлагдсан ч тэмтрүүлнүүдийнх нь ийм чадварыг анх илрүүлсэн нь энэ юм. Наймаалжны гар тус бүрт мэдрэлийн эсүүдийн том бөөгнөрөл байдаг нь төв мэдрэлийн системээсээ үл хамааран хяналтгүйгээр олон үйлдэл хийх чадвартай нь холбоотой. Хоолныхоо бүтцийг “судлах” чадвар нь ч үүнтэй холбоотой юм байна.
Өөр нэг сонирхолтой баримт бол наймаалж гурван зүрхтэй бөгөөд хоёр нь заламгай руугаа цус шахах үүрэгтэй. Үлдсэн нэг нь цусыг эргэлтэд оруулж биеийн бүх хэсэгт түгээнэ. “Харь”-ийн амьтан хэмээн судлаачид ч гайхдаг наймаалжны зүрх сэлэх үед түр зогсдог “гэмтэй” учраас мөлхөх, зөнгөөрөө урсахыг илүүд үздэг гэнэ. Наймаалжны цус анаашны хэл шиг цэнхэр байдаг нь зэсээр баялагтай нь, тэр дундаа гемоцианины агууламж өндөртэйн илрэл. Тодруулбал, энэ нь зэсийн найрлагад хамгийн өндөр хэмжээтэй агуулагддаг уураг юм.
Халуун бүсийн бүх тэнгис, далайд гүехнээс эхлээд 100-150 метрийн гүнд хүртэл амьдардаг наймаалжны бүх төрөл, зүйл судлаачдыг гайхашруулаад зогсохгүй. Ялангуяа үр төлөө хамгаалан, бойжуулахын төлөө хэдэн жилийн турш өлсгөлөн байж чаддаг наймаалж-ээжийг бишрэм. Эмэгчин наймаалж чулуу, хясаатай газарт үүрээ засаж, дотроо 40 000 хүртэл өндөг бүхий 8-20 бөмбөлөг гаргадаг. Гүехэн усанд дунджаар 40 хоногийн турш өндөгнүүдээ сахиж, “хүн” болгодог бол далайн гүнд арай өөр. Гүний усанд амьдардаг зарим төрөл зүйлийн наймаалж дөрөв хүртэл жил өндгүүдээ сахиж, өлсгөлөн байдаг. Учир нь гүний усны температур бага тул өндөг өсөж, хөгжих хугацаа хэдэн жил үргэлжилдэг нь хэвийн үзэгдэл. Ирээдүйн наймаалжнуудыг “манах” хугацаанд ээжүүд махчин амьтдаас хамгаалж, орчныг нь цэвэрлэн, усыг хүчилтөрөгчөөр баяжуулах зэргээр гайхалтай бөөцийлдөг байна. Тэр ч бүү хэл, өндөгний хөгжлийн бүх хугацаанд эмэгчин үүрнээсээ огт холдохгүй, ан ч хийхгүй, хоолгүй сахидаг. Ингээд өндөгнүүд хагарч “ангаахай” болмогц ээж наймаалжны амьдралын төгсгөл ирдэг нь гунигтай. Ийнхүү хэдэн жилээр өндгүүдээ сахисан ээжийн талаар судлаачид олон баримт дэлгэсэн нь бий.
Жишээ нь, Калифорнийн мэргэжилтнүүдийн ажиглалтаар далайн 1397 метрийн гүнд гранеледон бориеопасифик зүйлийн эмэгчин наймаалж 53 сарын турш хүүхдүүдээ сахижээ. Ер нь өндөг том, ус хүйтэн байх тусам хөгжил удааширдаг. Өндгөө бойжуулах хугацаанд нь судалгааны багийнхан тэрхүү ээжийг 18 удаа “эргэж” очиход бие дээр нь махчин загас, гүний усны хавч зэрэг амьтантай тулалдсаныг илтгэх хэдэн сорви бий болсон байжээ. Түүнчлэн шумбагч онгоцны робот гар ашиглан түүнд хоол өгөхөөр хэдэнтээ оролдсон ч огт идээгүй аж. Цаг хугацаа өнгөрөхөд тусам тэрхүү ээжийн жин илт багасаж, нүд нь тун гунигтай харагдах болсон гэдгийг судлаачид тэмдэглээд үр төлийнхөө төлөө хамгийн их золиос гаргадаг цөөхөн амьтны нэг нь наймаалж хэмээжээ. Судлаачид сүүлчийн удаа танилындаа очиход үүрэнд нь 150 гаруй өндөгний бүрхүүл л байжээ. Тэгвэл наймаалж өндөг бойжуулах урт хугацаанд яагаад өлсөж үхдэггүй юм бэ? Өндөглөхөөсөө өмнө наймаалж хоол боловсруулах фермент үйлдвэрлэхээ зогсоодог учраас өлсөх мэдрэмжгүй болдог бөгөөд хооллосон ч шингээж чадахгүй. Наймаалжнууд амьдралынхаа туршид ганц удаа үржиж, үүргээ биелүүлсний дараа үхдэг. Тэдний амьдрах хугацаа таван жилээс хэтрэх нь тун ховор буюу дунджаар 1-3 жил аж.
Э.Хана
https://www.unuudur.mn/a/278122
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn