ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ УЛСЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

3
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь 2025 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан гамшгаас хамгаалах Зам, тээврийн улсын албаны бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа. Энэхүү үзлэг шалгалт нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 2025.10.21-ний өдөр Зам тээврийн яамны гадаа талбайд бэлэн байдлын цуглар дохиогоор цуглаж, аранз, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл болон тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг танилцуулах арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр ОБЕГ-аас гамшгийн нөхцөл байдлын дасгал сургуулилтаар өгөгдсөн цагийн байдалд тохируулан авах арга хэмжээг төлөвлөж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн салбар нэгжүүд шуурхай хамтран ажиллаж, илтгэх хуудсаар ЗТЯ-нд илтгэсэн юм. Энэхүү үзлэгт хамрагдсан Зам тээврийн яам болон түүний харьяа 12 байгууллагын 240 гаруй ажилтан, албан хаагчдад гамшгийн үед шийдвэр гаргах чадавхийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ОБЕГ-аас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан бэлэн байдлын үзлэг зохион байгуулах удирдамж, зааврын дагуу “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь холбогдох бэлтгэл ажлын төлөвлөгөөг компанийн гүйцэтгэх захирлаар батлуулан Гамшгаас хамгаалах штабаас хэрэгжилтийг ханган ажилласан юм. Үзлэг шалгалтын хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Ажиллагааны удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан хуваарьт ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус компанид 2025.10.22-ны өдөр ирж үзлэг шалгалт хийн ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий менежер, Гамшгаас хамгаалах штабын дарга П.Ганболд компанийн товч танилцуулга, гамшгаас хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлсэн болон төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгсэл, машин механизм, гал унтраах хэсэг, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд зочилж, албаны үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохионы бэлэн байдлыг шалган, дуут дохиогоор компанийн салбар нэгжүүд цугларах цэгт цуглаж, дадлага хийлээ.
Мөн Гамшгаас хамгаалах штабын төв байрны бэлэн байдал, тоноглол, баримт бичгийн бүрдэл, сүүлийн 4 жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, нотлох баримтыг асуулгын дагуу шалгаж, ажлын хэсгийн зүгээс хаалтын хурал хийж, компанийн хэмжээнд цаашид гамшгаас хамгаалах чиглэлд хийх ажлуудын талаар арга зүйн зөвлөгөө болон санал, зөвлөмжийг өглөө. Тус ажлын хэсгээс өгсөн санал зөвлөмжийг компанийн Гамшгаас хамгаалах штабын хурлаар хэлэлцүүлж, холбогдох арга хэмжээг авч, үйл ажиллагаандаа тусган ажиллах юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn