Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүдийн зөвлөхүүд ТББ-аар дамжуулан УИХ-аас их хэмжээний мөнгө авчээ

561

УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн дунд Төрийн бус байгууллага байгуулах “мода” дэлгэрээд удаж байна. Гэвч үүний ард төсвийн мөнгийг цувчуулах башир арга нуугддаг аж. 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Лхагвамижидийн Намуунгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөх Мягмарсүрэнгийн Энхмэнд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөх Баатарын Отгонжаргал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зөвлөх Цэрэндоржийн Хишигжаргал нар 2018 оны 1 дүгээр сард “Монголын парламентийн зөвлөхүүдийн холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулж УИХ-ын Тамгын газраас гэрээний төлбөр нэрээр хэдэн арван сая төгрөгийг удаа дараагийн гүйлгээгээр гаргуулан авчээ.  
Тэд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын Тамгын газартай гэрээ байгуулж, тухайн өдрөө “Монголын парламентийн зөвлөхүүдийн холбоо”-ны Төрийн банк дахь 103000044325 тоот дансаар “гэрээт ажлын төлбөр” гэсэн утгатай шилжүүлгээр 30 сая төгрөгийг гаргуулан авсан байх юм. 
Удаад нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 46.4 сая төгрөгийг УИХ-ын тамгын газрын данснаас гаргуулан авчээ.
УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн үүсгэн байгуулсан “Монголын парламентийн зөвлөхүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд ажилладаг бөгөөд тэд УИХ-ын Тамгын газраас нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр 76.4 сая төгрөгийг ийнхүү гаргуулан авсан байна.
УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд бүгд УИХ-ын тамгын газраас цалинжиж Төрийн албан хаагчийн статуст хамаарагддаг. Энэ утгаараа АТГ-т хөрөнгө орлого, ашиг сонирхолын мэдүүлэг гаргаж өгдөг аж. Гэтэл эдгээр хүмүүсийн нэг нь ч “Монголын парламентийн зөвлөхүүдийн холбоо” ТББ-ын хувь эзэмшигч, үүсгэн байгуулагч гэдгээ мэдүүлээгүй байгаа юм. 
Бүр мэдээлэлд ойр байдлаа ашиглан УИХ-ын Тамгын газраас энэ мэтээр их хэмжээний мөнгө төгрөг гаргуулан авсан явдал нь Авлигын эсрэг хуулийн хэд хэдэн заалтыг ил  цагаан зөрчсөн ноцтой үйлдэл болжээ гэж үзэх үндэслэлтэй. 
Дашрамд дуулгахад, 2019 оны нэгдүгээр сард Г.Занданшатар УИХ-ын дарга болсноос хойш УИХ-ын Тамгын газар энэ мэт төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан төсвийн мөнгийг гарын салаагаар урсгадаг буруу жишгийг тогтоожээ. 
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn