Налгар улирал ирэхээр Налайхын замд гарц хийнэ гэсээр байтал чинь иргэд үхэж л байг уу, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гишүүд ээ!!!

325

Автомашинаар зорчиход саадгүй давхих Налайхын зам. Хоёр тусдаа зорчих хэсэг бүхий дөрвөн эгнээ, зорчих хэсэг дундаа хязгаарлагчтай, гэрэл үзэгдэх орчин гээд жолооч нарын хувьд давуу тал ихтэй авто зам юм. Харин явган зорчигчдод энэ зам бол жинхэнэ там. Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх 20.9 км энэхүү авто замын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж, өнгөрсөн жил ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан байдаг. Нээлтээ сүр бараатай хийж байсан энэхүү замд одоогийн байдлаар нийтдээ арав гаруй зам тээврийн ноцтой осол гарсан байна. Энэхүү осол аваарын дуудлагын ихэнхийг явган зорчигчид эзэлж байгаа юм. Учир нь уг замын эхлэл цэг буюу Баянзүрхийн товчооноос Налайхын тойрог хүртэл явган хүний нэг ширхэг ч гарц байхгүй. Гарцгүй ийм зам манайд хоёр бий. Нөгөөх нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу явсан хурдны зам. Энэ замд гарц байх шаардлагагүй. Дэд бүтцийнхээ төрөлд хурдны зориулалтаар баригдсан замд явган хүний гарц шаардлагагүй. Харин Налайхын шинэ зам бол хурдны зам биш.
Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл тасралтгүй хот, суурин бий. Өөрөөр хэлбэл, энэхүү зам нь хот хоорондын зорчих зам ч биш, суурин доторх авто зам. Тиймээс дэд бүтцийнхээ хувьд суурин доторх энгийн зорчих зориулалтаар баригдах авто зам юм. Гэвч зориулалт, стандартаасаа хол хөндий баригдсан энэхүү зам иргэдийн аюулгүй тайван амьдрах эрхийг зөрчсөөр байна. Тэр дундаа Хонхор, Ургах наран, Баянзүрхийн товчоо орчим амьдардаг оршин суугчдын эрхийг ноцтой зөрчөөд буй. Тус зам дагуу 150000 хүн оршин суудаг. Ерөнхий боловсролын хоёр сургууль, хоёр цэцэрлэг, холбогдох төрийн анхан шатны байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил хичээлийн шинэ жил 100 хувийн дүүргэлттэйгээр танхимаар орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замаар зорчих явган зорчигч, тэр дундаа Ерөнхий боловсролын сурагчид замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдсэн. Налайхын энэхүү гарцгүй замаар сурагч, хүүхдүүд өөрөөсөө өндөр бетонон хашлага, саадыг даван гарч байгаа нь амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохироход хүрээд байна.
Э.ДАВААЖАВ: МАНАЙ СУРГУУЛИЙН ХОЁР СУРАГЧ, НЭГ НЬ БҮР ЭМЭЭТЭЙГЭЭ ЯВЖ БАЙГААД ОСОЛД ОРСОН
Энэ талаар тус зам дагуух суурин газрын оршин суугчид ийн ярьж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Бүрэнтөгс: -Би хоёр дүүгээ өдөр бүр сургуулиас нь очиж авдаг. Уг нь манайх сургуультайгаа ойрхон. Гэвч сургууль, гэр хоёрын дунд энэ шинэ зам тавигдсанаас болоод тав, хоёрдугаар ангийн дүү нараа очиж авахаас өөр аргагүй болсон. Учир нь энэ замд явган хүний ямар ч гарц байдаггүй. Бүр сургуулийн харалдаа ч гарцгүй. Тиймээс замын гол байрласан гэрлэн шонгийн завсрын зайгаар хоёр дүүгээ өргөж зам хөндлөн гардаг. Хоёр талаар машинууд хурдтай явдгаас бид айдаг. Өдөр бүр энэ замыг яаж гарна даа гэсэн айдастай хоёр жил боллоо. Энэ замд явган хүний гарц гаргах өгөхийг хичээнгүйлэн хүсье.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн өндөр настан Л.Гүррагчаа: -Өвөө нь долоо хоногт хоёр удаа өрхийн эмнэлэг орж үзүүлдэг. Дээрээс нь замын цаанаас түлш, усаа авдаг. Яах вэ эмнэлэг орж үзүүлээд ирэхэд аргыг нь олоод гараад байдаг. Харин түлш, усаа авах гэж их мунгинадаг даа. Дөчийн бидон устай тэргээ замын голд байх тэр хашлагыг давж гарах гэж хүн хараад л замын голд суучихдаг. Яг түүгээр явган хүн гарвал туслаад өгөөч гэж гуйдаг. Гэхдээ явган хүн гарах нь гарахгүйгээсээ их. Заримдаа жолооч нар бууж өвөөд нь тусалдаг. Энэ мэт хүндрэл их байна. Энэ төр засгийн удирдлагууд сайхан замтай болгосон нь сайшаалтай ч иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг бас хангаж өгмөөр санагдана. Зам хөндлөн гарч яваа жаахан хүүхдүүдийг хараад сэтгэл түгшиж л суудаг. Саяхан манай энд нэг сурагч бололтой жаахан охин дайруулсан. Их аюултай юм болсон. Хурдхан шиг явган хүний гарц, гэрлэн дохиотой болгож өгөхгүй бол энэ орчмын иргэд чинь энэ зам дээрээ хядуулсаар дуусах нь байна.
Жолооч С.Сарангэрэл: -Манай аавынх Хонхорт амьдардаг. Амралтын өдөр аавындаа очих гэж явна. Энэ зам уг нь их сайхан болсон. Гэхдээ явган зорчигчид гэнэт хашлага даваад гарч гүйх нь барагтай бол харагддаггүй. Зам нь сайхан ч сэтгэл амар давхих боломжгүй санагддаг. Явган хүний гарц байхгүй нь жолооч нарт ч гэсэн маш анхаарал болгоомжтой явахыг сануулдаг гэлээ.
Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн багш Э.Даваажав: -Манай сургуулийн хоёр сурагч, нэг нь бүр эмээтэйгээ явж байгаад осолд орсон. Нэг нь их хүнд бэртэлтэй байгаа. Бид холбогдох газарт нь сургууль орчмын бүсэд явган зорчигч нэвтрэх гарц хийж өгөхийг хүссэн боловч энэ жилдээ ажил хийгдэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс сургуулийн зүгээс эцэг, эх багш, сайн дурын эргүүлийн хяналтын тоог нэмэгдүүлж ажиллахаар болж байгаа.
Налайх дүүргийн 8 хорооны оршин суугч Д.Пүрэвсүрэн "Налайхын зам хоёр жилийн өмнөөс зам ашиглалтад орсон. Миний мэдэхийн нэг урсгалаар зорчдог. Бетонон чулуугаар хоёр зорчих хэсгийг хязгаарлаж хаасан нь осол аваар гарах нөхцөлийг багассан байж магадгүй. Гэхдээ замын доогуурх тунелиэр мал гарч болдог. Харин зам дээгүүр явган хүн гарах гарц байдаггүй. Өөрөөр хэлбэл, малд зориулсан гэж хэлж болохуйц гарцтай хэрнээ хүнд зориулсан ширхэг ч гарц байхгүй. Иргэд гарц хайж гарна гэвэл ер нь бүтэхгүй асуудал. Өдөр өнжин явж, бүр хотоос гарч байж л сая нэг юм гарц олох байх даа. Тиймээс давж гарахаас өөр аргагүй. Машинд л явж байвал болно гэж бодсон юм шиг байгаа юм. Хүн зорчино гэж огт бодоогүй барьсан юм болов уу. Гарцгүйгээс болж машинд мөргүүлэх эрсдэл их байдаг. Хүнээ бодоогүй шулуун зам л байх ёстой гэж ханддаг нь ямар учиртай юм бэ. Тендер зарлахдаа зураг төслийг нь харалгүй өгчихдөг юм байх даа гэж гайхдаг.
Б.БУМ-ЭРДЭНЭ: ГҮҮРЭН ГАРЦЫН АЖИЛ ИРЭХ 2022 ОНД ХИЙГДЭНЭ
Налайх, Баянзүрх хүртэлх шинэ авто замын явган хүний гарцтай холбоотой асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Явган хүний гарцын асуудалтай холбоотой гомдол санал их ирж байгаа. Бид Баянзүрхийн товчоо, Ургах наран хорооллын наад талд хоёр гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа. Энэхүү гүүрэн гарцын ажил ирэх 2022 онд хийгдэнэ. Энэ оны хувьд гүүрэн гарц барих ажил хүндрэлтэй байгаа. Ирэх жил барилгын улирал эхлэх үед барих төлөвлөгөөтэй байна. Барилгын ажил эхэлчихвэл хоёр сар гаруй хугацаанд барьчих болов уу гэсэн тооцоололтой байна. Явган хүний цагаан шугамтай гарц хийе гэхээр энэхүү замын ангилал өөр” гэсэн тайлбарыг өгч байна.
Налайх дүүргээс УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Ц.Сандаг-Очир нар сонгогдсон. Нэг нь Улсын онцгой комиссын дарга. Саяхан Монгол Улсын ирэх оны төсөв батлагдсан. Дээрх хоёр гишүүн тойрог дээрээ тодорхой хэмжээний төсөв тусгуулсан нь ирэх онд баригдах хоёр гүүрэн гарц. Барих гэж байгаа нь сайн ч тэр болтол Налайхын там шиг зам дээр хэчнээн иргэн, хэчнээн сурагч хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох вэ.
Энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы ажлын албанаас тодруулахад “Гишүүдийг ийм асуудалд чирч оруулах нь уг нь буруу. Нийслэлийн авто тээврийн газраас тодруулсан нь дээр” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Дарга нарынхаа нэр хүндийг бодсон иймэрхүү тайлбарыг тавьж байхаар энэхүү зам дээр явган хүний гарц барих боломжийг судалж, тэр чигийнхээ ажлыг дарга нартаа зөвлөх сэтгэлтэй, хандлагатай болмоор. Юутай ч албаныхан нь уг зам дээр явган хүний гарц барих боломжгүй, улирал нь биш, нартай налгар өдрүүд ирэхээр гарц, гүүр барьчихна гэсэн тайлбарыг өгч байна. Налгар улирал ирэхээр Налайхын замд гарц хийнэ гэсээр байтал чинь иргэд үхэж л байг уу, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гишүүд ээ!!!
Э.Мөнхтүвшин
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn