Шүүлтийн өмнө ирсэн Хөгжлийн банкны асуудлаарх 2 БАЙР СУУРЬ

404


Өнөөдөр /2022.03.29/ Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэлж байна.
Ирэх жилүүдэд эдийн засгийг тэлнэ гэх тодотголтой Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээж  буй Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэхийн тулд чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийг нэгдүгээр сарын 31-нд зарласан. Үүнээс хойш улс төрийн хүрээнд Хөгжлийн банктай холбоотой үйл явцууд өрнөж байна.
Тухайлбал, 2016 онд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын талаарх 132 хуудас материал энэ сарын 22-ны өдөр албан ёсоор нууцаас гарсан.
Засгийн газар гуравдугаар сарын 9-ний өдрийн  хуралдаанаараа Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцээд, 2016 оны хяналт, шалгалттай холбоотой  материалыг нууцаас гаргахаар шийдвэрлэсний дагуу ийнхүү шийдвэр хэрэгжсэн юм.
 
ТУС МАТЕРИАЛТАЙ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.
 


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2016 онд  Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах үүднээс  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн учраас санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа нууцлах ёстой гэж үзэн, Хөгжлийн банканд шалгалт хийсэн  Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцад оруулж байсан гэж мэдэгдсэн билээ.
Хөгжлийн банкны анхаарал татсан зээлүүдийн мэдээлэл энэ оны нэгдүгээр сард  ил болсонтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр нарын зүгээс уг асуудлыг нууцаас гаргах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байсан юм.
Дашрамд сануулахад, 2017 оноос хойш  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлангууд ч мөн нууцад байдаг талаар эдийн засагч Ч.Отгочулуу манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан.
Хөгжлийн банкны чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдтэй холбоотой мэдээлэл нийгмийн анхаарлын төвд орсонтой зэрэгцэн тус банкны хөрөнгийг луйвардсан хулгайчдыг илчлэх, шүүх “линч” маягийн хандлага жишгийн дагуу сошиалаар хөвөрснийг мөн дурдах хэрэгтэй болов уу.
Хөгжлийн банканд татан төвлөрүүлсэн хөрөнгө гэдэг бол хэсэг бүлэг этгээдийн дур зоргоороо зарцуулах эрхтэй мөнгө биш учраас авсан зээлээ хугацаандаа төлж барагдуулахгүй байгаа зээлдэгчдийн мэдээлэл ил тод байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ асуудлыг хөнгөн хуумгай байдлаар биш үндэс суурьтай харах хэрэгтэй. Тухайлбал, Хөгжлийн банкнаас зээл авсан бусдын боломжийг  ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮД болон жинхэнэ БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ялгаж, салгаж харах хэрэгтэй талаар Zindaa.mn өмнө нь нийтэлж байсан билээ.
 
ТҮҮНЧЛЭН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААРХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ БОЛЖ БУЙ ЭНЭ ҮЕД ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРИЙГ ТОДОТГОН ХҮРГЭЖ БАЙНА.

 
Эдийн засагч Ө.Ганзориг: Тухайн үед төрийн бодлого тодорхойлж байсан намын дарга нар, Ерөнхий сайд нарын асуудал энд яригдах ёстой
 
-Засгийн газар ирэх жилүүдэд эдийн засгийг тэлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гэж өдөр бүр л ярьж байна. Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээ Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ гээд байгаа. Гэхдээ тэгэхээсээ өмнө Хөгжлийн банкны нэр төрийг “цэвэрлэх” гээд, экс удирдлагуудыг нь хорьж цагдаад байна. Та Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг хэрхэн харж байна вэ?
-Хөгжлийн банк дээр гарсан алдааг тус банкны захирал хийж байсан хүнтэй нь холбоод өнгөрвөл  ухвар мөчид юм болно. Төр гэж юм чинь өөрөө хөгжлийн стратегиа гаргаад,  стратегийн шалгуур хангасан төслийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх үүрэгтэй. Гэтэл АН-ын төр ч тэр, МАН-ын төр ч тэр хөгжлийн стратеги гаргаагүй ээ.  Монгол Улс стратегиараа Silicon Valley болно гэж зарлах ёстой. Тэгэхээр нь Хөгжлийн банк Silicon Valley болоход шаардагдах компаниудад зээлээ өгөөд явах ёстой. Гэтэл ямар ч стратеги зарлаагүй. Юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй  мөртлөө Хөгжлийн банк гэж юм байгуулчихсан.  Нөгөө банк нь баахан мөнгөтэй болчихсон. Тэгээд өөрсдийнхөө мэдрэмжээр зээл өгсөн шиг байгаа юм. Тэр дунд нь магадгүй  танил тал оролцсон эсэхийг хуулийн байгууллага нь тогтооно биз.
Засаглалыг аваад үзэхэд, сайд нар нь жил хагас болоод солигддог. Ерөнхий сайд нар нь хоёрхон жилийн настай. Тэгэхээр Хөгжлийн банк гээд институци тоглоом болоод дуусчихаж байгаа юм. Тэгэхээр Хөгжлийн банкны захирал байсан хөөрхий нэг 40 гаруй насны  залуу руу бүх бурууг  чихээд бутрах гэж байгаа бол энэ их тэнэг үйл явдал болно шүү. Тухайн үед төрийн бодлого тодорхойлж байсан намын дарга нар, Ерөнхий сайд нар, тэдний асуудал энд яригдах ёстой. Монголын төрийг хоёр нам,  хэдэн хүн, хэдэн фракц л  ээлжлээд л барьдаг шүү дээ.
Манайх ардчилсан улс болохоор үйлийн үртэй юм шиг дөрвөн жил тутам сонгууль хийх юм. Тэгээд л цоо шинэ юм шиг боловч “хуучин” хүн л гараад ирэх юм. Монголын улс төрд хэдэн луухгарууд, хэдэн хүнд гарууд байна гэж хэлье.  Тэр хүмүүс хоёр, хоёр  жилийн настай томилогдлоо гэхэд, хоорондоо уулзаад яриад, хорин жилийн настай бодлогоо залгамжилж болдоггүй юм уу. Дараагийн сонгуулиар хэн ч ялж магадгүй ч, Монгол Улсаа хөгжлийн ийм стратегиар авч явъя гээд тохирчихож болдоггүй юм уу. Хэрэв тэгэх юм бол АН-ын Ерөнхий сайд нь алга болоод өгөхөд,  МАН-ын Ерөнхий сайд ижил үзэл бодолтой, чиглэлтэй  ороод ирвэл Хөгжлийн банкийг сармагчин ч гэсэн удирдаад явчихна.
Одоо бол дэлхийн хамгийн шилдэг санхүүч, хамгийн ёс суртахуунтай хүн байгаад ч халтираад шоронд орохоор л байна шүү дээ. Улс төрийн луухгарууд гээд хүмүүс бүгдээрээ твиттер дээр ухаантай юмнууд жиргээд байна лээ. Тэр хүмүүс  хоорондоо уулзаж үндэсний зөвшилцөл хиймээр байна. 2024 оны сонгуулиар эдний чинь нэг хэсэг нь  зүсээ хувилгаад гараад ирнэ. Тоолох юм бол арваадхан л хүн байгаа. Сайн харвал 30 жилд хэдхээн хүн төр барьсан. Бараг хоорондоо анд нөхөд байгаа. Уулзаж суухдаа тэр бодлого стратегиа тохирчихмоор байна. Тэрийг нь залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо зохион байгуулмаар байна.

 
Эдийн засагч Ч.Отгочулуу: Жинхэнэ зальтай хүмүүс нь дүйвээн дундуур ашиг хонжоо олоод үлдчих магадлал байгаа
 
-Та Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан шүү дээ. Таныг ажиллаж байх үед нөхцөл байдал ямар байв. Одоогийн өрнөж буй үйл явцын талаар та юу хэлэх вэ?
-Би ТУЗ-д 2012-2015 оны хооронд гурван жил ажилласан. Тэр үед ихэвчлэн УИХ, Засгийн газраас баталсан шийдвэрийн дагуу санхүүжилт олгогддог байсан. Хяналт, шалгалт маш ихтэй байсан. Тухайн хугацаанд 800-гаад зээл гарснаас, эргэн төлөлт 96 хувьтай буюу сайн байсан. Хөтөлийн зээл зэрэг том дүнтэй зээлүүд  2012 оноос өмнө олгогдсон байсан. Ирэх онд төлөгдөнө гээд буй 600 сая ам.долларын бонд бол 2011 онд гаргасан Евро бонд юм. Харж байхад, 2017 оноос хойш гарсан бодлогын алдааг л заавал Ардчилсан намд наах гээд үзээд байна л даа. Ингэж улс төржүүлэх юм бол оношоо зөв тавьж чадахгүй. Оношоо зөв тавьж чадахгүй бол эмчилгээ зөв байж чадахгүй шүү дээ. Тийм учраас улс төржихгүйгээр оношоо зөв тавимаар байгаа юм.
Хөгжлийн банк уг нь эдийн засгийг тэлэх том том төслийг санхүүжүүлэх зорилготой хөгжлийн институт. Гэтэл одоо хийрхлийн бай болоод хувирчихаар, шийдвэр гаргахаас айдаг хүмүүсээр дүүрчихлээ. Төр засаг, төрийн компани, төрийн банкнууд зоригтой шийдвэр гаргаж чадахаа больчихлоо. Тэгсэн мөртөө хувийн хэвшлийнхнийгээ юм хийлгэдэггүй. Тэгэхээр юун Шинэ сэргэлт байх билээ.
-Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс  хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд алдаа нь юундаа байв?
-Нэгдүгээрт, 2017 онд хууль өөрчилдөг л буруу байсан. Тэр өөрчлөлтөөр ТУЗ асуудлыг бүгдийг шийддэг болчихсон. Тэгэхээр ТУЗ өөрөө нөлөөнд автаад, чанаргүй зээлүүд нэлээн гарчихсан юм уу гэж харсан. Хоёрдугаарт, зарим зээлүүд  манай макро эдийн засгийн орчин угаасаа муу байгааг л харуулж байгаа юм. Эдийн засаг тэлэхгүй байна. Тэлэх гээд том бодлого явуулсан байтал улс төржүүлээд бүгдийг нь зогсоосон. Улмаар эрэлтээс давсан хүчин чадалтай үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байдалд орсон.
Мөн гадаад хүчин зүйлсийн нөлөөллүүд байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг нэлээн хөргөсөн шүү дээ. БНХАУ-ын эдийн засаг экспортоос асар их хамааралтай. АНУ-ын хэрэглээ өсөх юм бол БНХАУ-ын экспорт өсдөг, БНХАУ-ын экспорт өсөхөөр манай экспорт өсдөг хамааралтай. Гэтэл энэ хоёр улсын хооронд худалдааны дайн болоод АНУ хэрэглээгээ багасгачихаар БНХАУ-ын экспорт унасан. Тэр нь манай экспортод нөлөөлсөн. Мөн ковидоос шалтгаалж сүүлийн 2-3 жил бүх юм хаагдлаа шүү дээ. Одоо ингээд Орос, Украины дайны нөлөөлөл үүсэж байна. Гадаад шокоос шалтгаалж зарим зээл их муудсан. Ерөнхийдөө манай  эдийн засгийн тамир тэнхээ их муу байна.
Энэ бол зээлдэгчдийн буруу гэхээсээ давагдашгүй хүчин зүйл. Гэхдээ зарим зээл бол үнэхээр барьцаа муутай, улс төрийн шалтгаанаар олгосон нь бас байгаа байх. Тэдгээрийг ялгаж салгахгүй бол бүгдийг нь ингэж харлуулж байгаад, банкийг дампууруулаад цоо шинэ банк байгуулах юм бол, далимд нь ёстой луйврын зарим зээлүүд нь нуугдаж үлдээд, татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх боломжтой болчихно шүү дээ. Жинхэнэ зальтай хүмүүс нь дүйвээн дундуур ашиг хонжоо олоод үлдчих магадлал байгаа.
-2016 оны Засгийн газрын Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт нууцаас гарахаар болсон. Та энэ  талаар ямар байр суурьтай байна вэ?
-Тэр дүгнэлтийг би хувьдаа нэлээн улс төржсөн, сонгуульд зориулж гаргасан, харлуулсан дүгнэлт болов уу гэж харсан. Тийм ч учраас ажлын хэсэгт орсон зарим гишүүд нь гарын үсэг зураагүй юм байна билээ. Тэр үед байдал хүнд байсан л даа. Нүүрсний үнэ 25 ам.доллар,  зэсийн үнэ 4,500 ам.доллар, нефтийн үнэ 120 ам.доллар гээд манай макро эдийн засаг маш хүнд байсан. Мөн ам.долларын ханш их өссөн. Ханшийн зөрүүгээс алдагдал үүсэж байсан. Ажлын хэсэг эдгээр зах зээлийн хүндрэл зэргийг оруулаад бүгдийг нь зөрчил гээд үзчихсэн байсан. Сая ХЗДХ-ийн сайд өөрөө ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд тэр тайланг нууцалсан юм аа гээд хэлчихсэн. Тэр их буруу л даа.  ОУВС-г хуурч байна гэсэн үг. Одоо ингээд ярьчихаар гадаад түншүүддээ л нэр нүүрээ алдаж байна гэсэн үг. Итгэлцлийг бий болгохын тулд илэн далангүй, элдэв нууцгүй л байх ёстой. Гэтэл улайм цайм ийм зорилгоор нууцад оруулсан юмаа гээд яриад сууж байдаг. Ер нь бол  тэр тайлангаас гадна өчнөөн олон тайлангууд нууцад байгаа. Тэдгээрийг яагаад нууцаас гаргахгүй байгаа юм. МАН-ын удирдлагын үед орсон шалгалтуудын тайлангууд бас л нууц.
2017 оноос хойш Монголбанк, УИХ-аас хийсэн шалгалтын тайлангууд мөн нууц байгаа. Гэтэл АН-ын үеийнхийг сөхөж гаргаж ирээд л, Хөгжлийн банкийг АН будаа болгочихсон юм байна гэсэн ойлголтыг нийтэд тараах гээд байгаа нь, зөв зүйтэй асуудал биш. Хөгжлийн,  эдийн засгийн бодлого дээр улс төржиж болох юм байна, болохгүй юм байна. Сонгуульд ашиглаж болох юм байна, болохгүй юм байна. Ер нь манай эдийн засгийн үндсэн асуудал хатангиршилд, шингэний дутагдалд орсон. Үүнийг эрүүлжүүлэхийн оронд,  намууд ингэж улс төржиж, хар пиар хийх нь буруу. Гадаад бодлого дээр нэг цонхны бодлого баримтлах ёстой гэдэг шиг эдийн засгийн амин асуудал дээр намууд нэг л байр суурьтай байх ёстой. Бодлогын өрсөлдөөн байж болно, тэрнээс биш бүгдээрээ хамтдаа сууж байгаа модны мөчрөө хөрөөдөж хаядаг байж болохгүй. Хөгжлийн банк дээр хэт улс төржиж, хийрхэж байна. Бодит шалтгааныг нь олоод, засаглалыг нь илүү сайжруулаад, цаашаа явах л хэрэгтэй. Болж өгвөл ТУЗ-д нь хараат бус хөндлөнгийн шинжээчид,  мэргэжлийн эдийн засагчид, сэтгүүлчид ордог байх хэрэгтэй. Хувьцаатай болгоод хувьцааг нь тараасан ч болно шүү дээ.

https://news.zindaa.mn/447c
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn