Чимээгүй мөхөл & ДОХ

Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдэж, хүмүүсийг айдас түгшүүрт автуулж байв. Тэгвэл 2010 онд “ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна” гэсэн нийтлэл нийгэмд хонх цохисон. Тэр ДОХ-ын 81 дэх тохиолдол байсан юм. Түүнээс хойш 12 жил өнгөрөхөд дээрх тоо 327-д хүрч,тэмбүү, бэлгийн замын халдварт өвчин хүн амын дотор замбараагүй болсныг эмч мэргэжилтнүүд хэлдэг.
ДОХ-ын хувьд улсын хэмжээнд өнгөрсөн онд хамгийн олон буюу 16 тохиолдол илэрчээ. Үүн дээр оны эхний таван сарын дотор таван тохиолдол нэмэгдсэнээр 332 болсон. Хамгийн аюултай нь ДОХ-той гэдгээ мэдсээр байж санаатайгаар таван эмэгтэйд халдаасан тохиолдол гарчээ. ДОХ-ын халдвартай хүмүүс улсын хараа хяналт, эмчилгээнд байх учиртай. Тэгвэл энэ хүн хараа хяналтын хаагуур нь зөрж гараад санаатайгаар таван хүнд өвчнөө халдааж чадав. Эргээд ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэв гээд олон асуулт өнөөдөр хариулт нэхсээр байна.
Үүний нэг нь ДОХ-ын халдвар тээгч иргэн "Цусны төв"-д цусаа нийлүүлдэг байнгын донор байсан гэдгийг мартаж болохгүй. Түүний хамгийн сүүлд өгсөн цусыг 14 хүнд сэлбэсэн. ЭМЯ-ны тухайн үеийн эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөл энэ асуудлыг хэлэлцэхэд удирдлагуудын зүгээс эрх бүхий албан тушаалтан "Аз болоход өмнө нь өгсөн цус /14 хүнд сэлбэсэн/ ДОХ-ын халдвар аваагүй байх үеийнх л байгаасай гэж залбирах байна" гээд тэднээс цусны шинжилгээ авч эмнэлгийн хяналтад байлгахыг үүрэгдсэн гэдэг.