Чимээгүй мөхөл & ДОХ

402

Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдэж, хүмүүсийг айдас түгшүүрт автуулж байв. Тэгвэл 2010 онд “ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна” гэсэн нийтлэл нийгэмд хонх цохисон. Тэр ДОХ-ын 81 дэх тохиолдол байсан юм. Түүнээс хойш 12 жил өнгөрөхөд дээрх тоо 327-д хүрч,тэмбүү, бэлгийн замын халдварт өвчин хүн амын дотор замбараагүй болсныг эмч мэргэжилтнүүд хэлдэг.
Ямар сайндаа Их хурлын гишүүн хүн Төрийн ордонд “Хоёр хүний нэг нь тэмбүүтэй” хэмээн хэлж суух вэ. Тэмбүү бол бэлгийн замаар дамждаг өвчин. Тэгвэл энэ өвчин ийм их болсон юм бол ДОХ ч төдий хэмжээгээр тархсан байх магадлалтай.
ДОХ-ын хувьд улсын хэмжээнд өнгөрсөн онд хам­гийн олон буюу 16 тохиолдол илэрчээ. Үүн дээр оны эхний таван сарын дотор таван тохиолдол нэмэгдсэнээр  332 болсон. Хамгийн аюултай нь ДОХ-той гэдгээ мэдсээр байж санаатайгаар таван эмэгтэйд халдаасан тохиолдол гарчээ. ДОХ-ын халдвартай хүмүүс улсын хараа хяналт, эмчилгээнд байх учиртай. Тэгвэл энэ хүн хараа хяналтын хаагуур нь зөрж гараад санаатайгаар таван хүнд өвчнөө халдааж чадав. Эргээд ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэв гээд олон асуулт өнөөдөр хариулт нэхсээр байна.
Мөн саяхан Гашуун­сухайтад шинжилгээ өгсөн нэг иргэнээс халд­вар илэрсэн, гэхдээ лабораторийн эцсийн хариу гараагүй гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Судалгаагаар бэлгийн замын халдварт өвчлөл тээврийн жолооч эрчүүдийн дунд 5.2 хувь буюу хүн амын төлөөллийг бодвол илүү өндөр хувьтай бүртгэгдсэн. Дээрх  иргэн жолооч байж магадгүйг зарим эх сурвалж тэмдэглэсэн нь олныг сэртхийлгэж байгаа юм. Хэрэв ДОХ-той гэдэг нь батлагдвал, түүний цаана хэдэн хавьтагч байгааг илрүүлэх, шинжилгээ авах ажлууд хийгдэж таарна. Тэгэхээр 332 дээр хэд нэмэгдэхийг таашгүй. 
Бодит байдал ийм байхад манай улс жилд ганц удаа буюу арванхоёрдугаар сарын 1-нд “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” унтаж байгаад сэрсэн мэт энэ сэдвээр хэд гурван тоон үзүүлэлт хэлээд өнгөрдөг. Бусад үед нь таг. Хааяа халдварын тохиолдол илрэхэд төд байснаа тийм  боллоо гэж мэдээлчихээд сууж байдаг.
Гэтэл ХДВХ/ ДОХ бол  цөөхөн монголчуудыг бүү хэл  дэлхийн хүн төрөлхтнийг сүйрүүлж мэдэх чимээгүй тахал. Хэдийгээр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч 2030 он гэхэд ДОХ-ыг устгана гэсэн байр суурь илэрхийлсэн ч төгс эмчлэх эм, тариаг эрдэмтэд гаргаж чадаагүй. Иймд хоосон горьдлогод итгэх бус хувь хүний хариуцлага, бэлгийн сахилга бат юу юунаас чухал гэдэг нь ойлгомжтой.
Нэхэн сануулахад “ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна. Тэдний олонх нь хүүхэд. Эцэг, эхчүүд энэ тухай огт мэдээгүй” гэсэн нийтлэлийг 2010 оны аравдугаар сард бичсэн байдаг. Тухайн үед халдварын 81 тохиолдол байснаа яагаад гэрлийн хурдаар өсөв. Хэдийгээр  халдвар авсан иргэдийн 62 хувийг 25-34 насны залуус, 80 хувийг нь эрэгтэйчүүд эзэлдэг. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан гэсэн судалгааг манай эмч нар танилцуулдаг ч хардах, эргэлзэх олон асуулт байгаа юм.
Үүний нэг нь ДОХ-ын халдвар тээгч иргэн "Цусны төв"-д цусаа нийлүүлдэг байнгын донор байсан гэдгийг мартаж болохгүй. Түүний хамгийн сүүлд өгсөн цусыг 14 хүнд сэлбэсэн. ЭМЯ-ны тухайн үеийн эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөл энэ асуудлыг хэлэлцэхэд удирдлагуудын зүгээс эрх бүхий албан тушаалтан "Аз болоход өмнө нь өгсөн цус /14 хүнд сэлбэсэн/ ДОХ-ын халдвар аваагүй байх үеийнх л байгаасай гэж залбирах байна" гээд тэднээс цусны шинжилгээ авч эмнэлгийн хяналтад байлгахыг үүрэгдсэн гэдэг.
Цус сэлбүүлсэн 14 хүн, тэдний ар гэр тэр талаар юу ч мэдээгүй гэдэг аймшигтай мэдээлэл юм. Халдвар хэчнээн хүнийг хамарсан ч юм билээ. Тэр тусмаа халдвар тээгчдийн 98 хувь нь гурван сарын дотор шинжилгээгээр илэрдэг бол дархлаа сайтай, эсвэл антибиотик их хэрэглэдэг хүнд 6-12 сарын дараа илрэх тохиолдол ч байдаг. Тэгэхээр тухайн донорын цусыг халдвар аваагүй байх үеийнх гэдгийг батлах аргагүй, түүнийг  тогтоох хүчин чадал бүхий лаборатори ч манайд тэр үед байгаагүй. Мөн зарим эх сурвалж манайхан ДОХ-ын халдвар авсан иргэний тоог ихээхэн бууруулж мэдээлдэг гэлцдэг. 332 гэх тооны “баг”-ийг хуулбал...
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn