Пакистанаас гарч явахыг Афганистаны дүрвэгчдээс шаарджээ
Пакистаны засгийн газар 11 дүгээр сар гэхэд Афганистаны бүх “хууль бус” орогнол хүсэгчид болох 1.7 сая орчим хүнийг тус улсаас гарахыг шаарджээ.
Хоёр улсын хил орчмын бүс нутагт зэвсэгт этгээдүүдийн халдлага он гарснаас хойш нэмэгдэж байгаа тул нөхцөл байдал нэн хүндэрсэн байна. Пакистаны тал эдгээр халдлагыг Афганистанд байрладаг зэвсэгт бүлэглэлийнхэн үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.
Харин Талибын дэглэм үүнийг няцаасан нь Исламабадын дургүйцлийг төрүүлж, мягмар гарагт "хууль бус" дүрвэгсдийн эсрэг арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Өнгөрсөн долоо хоногт Афганистантай хиллэдэг Мастунг хотын лалын сүмд шашны баяр ёслолын үеэр дэлбэрэлт болж 50 орчим хүн амиа алдсан юм. Пакистаны Дотоод хэргийн сайд Сарфраз Бугти мягмар гарагт "хууль бус" афганчуудыг гаргах талаар мэдэгдэхдээ дээрх халдлага ба Белужистан мужид болсон өөр нэгэн халдлагыг шууд дурдсангүй.
Гадаадын аль нэг улсаас орогнол хүсэх эрхийг олон улсын хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Ялангуяа 2021 онд Афганистанд засгийн эрхийг талибууд авснаас хойш Пакистан улс хэдэн зуун мянган афган дүрвэгчийг хүлээн авсаар байгаа юм.
Одоогийн байдлаар 1.3 сая орчим афганчууд дүрвэгчээр бүртгэгдсэн бол 880 мянган хүн дүрвэгсдийн статустай гэж НҮБ мэдээлжээ. Үүн дээр нэмэгдэж 1.7 сая хүн тус улсад "хууль бусаар орогнож байна" гэдгийг сайд С.Бугти мягмар гарагт мэдэгдсэн байна. Энэ сарын эцэс гэхэд тэд сайн дураараа нутаг буцах ёстой эсвэл тэднийг Пакистанаас албадан гаргана гэж тэрбээр хэллээ. "Хэрэв тэд явахгүй бол хүчээр албадан гаргах ажиллагаанд мужууд ба холбооны засгийн газрын бүх хууль сахиулах байгууллагыг дайчлах болно" гэж сайд мэдэгдсэн байна. Гэхдээ уг ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Сайд Бугти мөн тус улс дахь "хууль бус" афганчуудын хувийн бизнес, хөрөнгийг бүртгэж, хурааж авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулснаа зарлав.
С.Бугти мягмар гарагт хэлэхдээ, 2023 оны нэгдүгээр сараас хойш Пакистаны хил орчмын нутгуудад 24 амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн бөгөөд тэдний талаас илүү нь Афганистанд үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлэглэлийн гишүүд байсан гэдгийг дурдав.
11 дүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн виз, паспорттой Афганистаны иргэдийг Пакистаны хилээр нэвтрүүлэх ажээ. Одоогоор афганчууд иргэний үнэмлэхээ үзүүлэн Пакистан руу нэвтэрч байгаа юм.
Д.ОдонЭх суррвалж: "Монцамэ" агентлаг