Супер сонгуулийн жилийн эргэн тойронд
АНУ, ОХУ зэрэг их гүрнүүд болон Европын холбоог оролцуулаад 60 гаруй улсад улс төрийн сонгууль энэ онд болж байгаа бөгөөд 2024 оныг “Супер сонгуулийн жил” хэмээн нэрлээд буй. Монгол Улсын хувьд ч ирэх сард УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиа зохион байгуулж, ирэх дөрвөн жилийн ирээдүйгээ тодорхойлох билээ. Тэгвэл энэхүү супер сонгуулийн жил дэх улс орнуудын ерөнхий чиг хандлага болон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Энэ сонгуулийн жил юугаараа онцлог байна вэ?
Орос-Украин болон Израиль-Палестины дайн гарснаар их гүрнүүд болон олон улсын байгууллагуудын асуудал хурцадсан. Дайны улмаас дунд болон бага орлогтой улсууд ихээхэн хохирч, олон улс эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Цар тахлын дараах анхны сонгууль учир эдийн засгийн бодлогууд дахин шинэчлэгдэж байна. Он гарснаас хойш болсон сонгуулиудаас дүгнэхэд 35-аас доош насны залуу сонгогчдын тоо, идэвх өндөр байгаа бөгөөд манай улсад ч энэхүү нийтлэг хандлага ажиглагдах боломжтой. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэв. Тухайлбал, Бангладеш улсын Ерөнхий сайдаар Шейх Хасина дахин сонгогдсон бол ирэх зургадугаар сард болох Мексик улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид дандаа эмэгтэйчүүд байв. Түүнчлэн Франц, Бельги, Испани тэргүүтэй улсад эмэгтэй нэр дэвшигчдийн тоо өндөр байгаа аж. Тайвань, Энэтхэг зэрэг улсын сонгуулийн үр дүн нь цаашдын Хятад-Америкийн харилцааг тодорхойлох болно.