Гадаадаас ирсэн иргэнээс улаанбурханы тохиолдол илэрчээ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүхий иргэнийг долоодугаар сарын 30-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Улмаар тус өвчний тохиолдол батлагдсан учраас Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийв.
Тусгаарлагдсан иргэн 47 настай эрэгтэй бөгөөд АНУ, Казахстан улсад зорчиж байгаад Алматы хотоос Улаанбаатарт иржээ. Түүний шинжилгээний хариу улаанбурхан мөн болохыг тогтоосон. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд эрсдэлтэй, идэвхжилийн нэгдүгээр зэрэгт шилжиж байгааг албаныхан хэллээ.
Тиймээс түүний ойрын хавьтлын 52 хүнийг илрүүлж, тэдний хавьтал 100 гаруй хүнийг тодорхойлон халдвараас сэргийлэх үүднээс вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Хавьтал болсноос хойш 72 цагийн хугацаанд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа дурдав.
2023 оны байдлаар 173 улс оронд улаанбурхан өвчний нийт 330 мянга гаруй тохиолдол батлагдсан бол 2024 онд эхний долоон сард 178 оронд 341 мянган сэжигтэй тохиолдлын 200 гаруй мянга нь батлагдаад байна. Уг өвчний хамгийн өндөр идэвхжилтэй байгаа орны тоонд Азербайжан, Киргизстан, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Армени багтлаа. Тиймээс дээрх улсуудад зорчих иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, туйлын халдварт өвчин учраас иргэд хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газар амны хаалтаа зүүхийг албаныхан зөвлөлөө. Улаанбурхан өвчний эсрэг вакцины товлолт хугацаа нь есөн сартай, хоёр настай хүүхдэд хийдэг. Хэрэв хийлгээгүй бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэгт хандаж вакцин хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнгөрсөн жил олон улсад уг өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас нэмэлт дархлаажуулалтыг 300 мянга гаруй хүүхдэд хийсэн байна.