Ганц заалттай, давхардсан хууль өргөн барьсан О.Амгаланбаатарт зардлын 20 сая төгрөг багаджээ

30

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар парламентад хөл тавиад ганцхан зүйлтэй ганц хууль санаачилж, өргөн барьсан.
Тэр нь Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Уг хууль ердөө товчхон,
1 дүгээр зүйл. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.7 дахь хэсэг нэмсүгэй:
“25.7.Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гэтэл одоо О.Амгаланбаатар гишүүн "Нэг хууль санаачлахад маш их мөнгө шаардлагатай юм байна. Судалгааны баг ажиллуулдаг. Судлаачид өндөр өртгөөр ажилладаг. Зөв хууль батлахын тулд багагүй зардал гаргах болж байна. Харин УИХ-ын гишүүнд тойрогтоо ажиллах, хууль санаачлах бэлтгэлийн хүрээнд сард 20 сая төгрөг төсөвлөдөг. Үүнийг 100 болгож нэммээр байна гэдгээ хэлсэн. Түүнээс энэ мөнгө миний халаас руу орохгүй" гэж ярьж байна.
Ганц заалттай хууль өргөн барихдаа О.Амгаланбаатар гишүүн хэдэн төгрөг зарцуулсан, ямар судлаачид ажиллуулсан болоод ингэж хэлнэ вэ?
Хоёрт, хууль заалтын тооноос үл хамаарч ач холбогдол нь өндөр байж болно. Атал түүний санаачилсан хууль давхардсан агуулгатай. Малчин амь нас, мал сүргээ хамгаалах гэж чоно агнасан бол "Зөвшөөрөл аваагүй" гэдэг хэрэгт орохгүй л гэсэн үг.
Гэтэл Байгалийн нөөцийн тухай хууль, Эрүүгийн хуулиар үүнийг зохицуулжээ.
Байгалийн нөөцийн тухай хуулиар бол орон нутаг чонын тоо толгойг хэмжиж, малчин өрх рүү дайрах хэмжээнд ихэсвэл хүсэлтээ гаргаад агнуулах боломжтой. Агнуулбал орон нутагт тэр орлого болж очно.Нөгөө талаас амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор чоно алсан бол хариуцлага хүлээхгүй гэдэг зохицуулалт Эрүүгийн хуульд тусжээ.
Гэтэл Амьтны тухай хуульд ингэж оруулж ирснээр чоно алсан, агнасны ялгаа бүр бүдгэрэхээр байна. Хуульдаа бол "Агнасан бол" гээд заачихсан. Агнана гэдэг зорилготой үйлдэл.

Үүгээр чоныг ямар шалтгаанаар, хэзээ агнасныг мэдэх боломж хомс буюу ерөөс малчин дураараа чоно агнадаг болох нь ээ гэсэн үг. Энэ утгаар эрдэмтэд асар их эсэргүүцэж байгаа.
Ийм л хууль өргөн барихад нь О.Амгаланбаатарт 20 сая төгрөг дутаад байгаа аж.
Харин О.Амгаланбаатар намрын чуулган завсарласан хугацаанд Говь-Алтай аймагт ажилласан. Түүнээс өмнө Нарансэвстэйн боомтыг нээх зөв гэж сурталчлахаар яваад л ирсэн. Энэ ажилдаа л бензин тосны мөнгөгүй хэцүүдсэн болов уу. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг туулна гэдэг амаргүй ажил.
Нэн ховордсон хавтгай, мазаалайг устгах бодлогоо сурталчлах гэж яваад 20 сая төгрөгөө дуусгасан бол яалтай билээ.
Г.САНСАРМАА

https://eguur.mn/578672/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Nalaikh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
nalaikh.nutag.mn